Хятадаас орж ирж буй цементийн чанарт хяналт шалгалт хийсэн талаар холбогдох албаныхан 44-ийн зах дээр өнөөдөр мэдээлэл өглөө. 

Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг "Засгийн газрын 2024 оны 188 дугаар тогтоолоор импортын цементийн татвар 20 хувь байсныг аравдугаар сарын 31-н хүртэл таван хувь болгож бууруулсан.

Үүнтэй холбогдуулан импортын цементийн чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг манай яамны зүгээс байгуулан ажиллаж байна. 

Энэ ажлын хэсэг 44-ийн зах дээр борлуулагдаж буй Хятадаас цемент импортлогдсон таван Аж Ахуйн Нэгж (ААН)-ийн зургаан дээжид хяналт шалгалт явуулсан. Хөндлөнгийн мэргэжлийн лабораториудад гурван болон 28 хоногийнх нь гулзайлтын бат бэхийн стандарт, бусад физик механик шинжилгээг хийлгэсэн. 

Нийтдээ 42.5 маркийн цементүүд хяналт шалгалтад орсон. Үүнээс нийт гурван дээж нь 42.5-ын бат бэхээ хангаагүй. Стандарт дээр -2.5-ын хамгийн доод утга буюу 40МПа-ийн бат бэхтэй байж болно гэж заасан байдаг. 

Энэ хүрээнд нэг дээж нь стандартын шаардлага хангаагүй. Тус дээж нь 39МПа-ийн бат бэхийн үзүүлэлттэй байсан. Гурван дээжээс нэгийг нь стандартын шаардлага хангаагүй гэж үзнэ. Хоёр дээж хүлцэх алдаа буюу бага зэргийн согог гэмтэл нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа. Шаардлага хангаагүй цемент оруулж ирсэн ААН-д зөвлөмж хүргүүлнэ.

Стандартад заасан шаардлагыг хангахгүйгээс гадна орон сууц, үйлдвэрлэл, үндсэн хийц, бүтээц, бетон эдлэлийн барилгуудад чанарын шаардлага хангаагүй цементийг хэрэглэх нь маш эрдэлтэй. 

Ялангуяа газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа үед цемент, бетон эдлэл, барилгын чанарт шууд нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм. 

Мөн монголчуудын мэдээлэл дутмаг байдгаас шалтгаалж, цементийн үнийг харж худалдан авах асуудал гардаг. Цемент нь таван нэр төрлийн тэмдэглэгээтэй байдаг. 

Монголчууд PC 42.5, PC 52.5, OPC 42.5 гэсэн портланд цементүүдийг хамгийн өргөн хэрэглэдэг. PC 42.5 нь бетон зуурмаг, эдлэл, угсармал хийц эдлэлүүдэд түлхүү ашиглагддаг. PC 52.5 нь төмөр замын дэр бетон, цахилгаан шугамын тулгуур дээр хэрэглэгддэг юм. 

Нэг шуудай цемент 50 кг байх ёстой. Холбогдох MNS 3091:2008 стандарт дээр 50 кг тутмаас нэг кг-ын хүлцэх алдаа байж болох стандартын заалттай. Гэвч амьдрал дээр нэг шуудай цемент 27, 28 кг байх асуудал үүсдэг. 

MNS 3091:2008 стандарт дээр цементийг хураахдаа газраас хөндийрүүлсэн тавиур байх ёстой. Тавиураас дээш 1.8 метрийн өндөрт цементийг давхарлаж хураасан байх ёстой. Гэвч худалдан борлуулж буй аж ахуйн нэгжүүд хоёр дахин өндөртэй хураах, өөр төрлийн цементийг хольж хурааж байна. 

Өнөөдрийн байдлаар Гурвалжин захын баруун талд цементүүдийг хадгалалтын горим зөрчиж ил задгайгаар зарж байгаа нь хурцадмал асуудал юм.

2020 онд импортоор 159.9 мянган тонн цемент орж ирж байсан. 2023 онд нийт 255 мянган тонн болж өссөн. 2021 он гэхэд манай улсад дөрвөн мянган тонн цемент орж ирж байлаа.

Өнөөдрийн байдлаар 146 мянган тонн цемент орж ирсэн бөгөөд оны төгсгөлөөр энэ тоо өсөх хандлагатай байна" хэмээн ярилаа.