Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд дайн байлдаан, хүний эрхийн зөрчлөөс аль болох ангид байхыг хүсч, түүнийхээ төлөө олон ч зүйлийг сэдэж, санаачилж байгаа. Харамсалтай нь энд тэнд элдэв мөргөлдөөн, алан хядах ажиллагаа, хүний эрхийн зөрчил гарсаар л байна. Харин үүний эсрэг дэлхий нийт нэгэн зүйлийг бодож олсон нь тэр бүхнийг хийгчдийг олон түмэнд илчлэх юм.

Терроризм буюу алан хядлагыг санаачилсан, гардан зохион байгуулсан бүгдийг нь хань хамсаатантай нь, дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь дэлхийгээр нэг харуулж байна. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд дээр ч энэ аргыг өргөн хэрэглэх болсон. Энэ нь эргээд хэн нэгэн этгээд бусдын ятгалга, дарамтад орж, хэн нэг даргын тушаал шийдвэрийг үг дуугүй гүйцэтгэдэг байдлыг бууруулдаг болохыг хэлж байгаа. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, амь насыг нь бүрэлгэсэн нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон л бол гэр бүл, төгссөн сургууль, эргэн тойрныхонтой нь ингэж зарлах нь бууруулах, урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг дэлхий нийт мэдээд, хэрэгжүүлээд байна. Гэтэл манайд бүх зүйл эсрэг. Төрийн болоод албаны нууц, нэр хүнд гэсэн том халхавч өмнөө барьчихаад бүхнийг нууцлаад өнгөрдөг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчөөд, тэр бүү хэл амь насыг нь бүрэлгэчихээд байхад л хөдөлдөггүй. Иргэний эрхийг зөрчих болохоор хүний эрх ёстой түй ч хамаагүй. Харин ийм бусармаг зүйлийг хийх тушаал өгсөн дарга, гардан гүйцэтгэсэн нөхдийн талаар мэдээлэх болохоор хувь хүний нууц, хүний эрхийн мэдрэмж нь хамгийн өндөртэй улс болчихдог. Өнөөдөр манайд яг ийм л байгаа. Ийм болоод удаж байна. Ингээд хэлэхээр нөгөөдүүл чинь манайд алан хядлага байхгүй, хүний эрхийн зөрчил бага гэсэн улигт үгсээ давтах биз. Тэгдэг ч юм. Харин тэгвэл бидэнд эргэн санах гашуун түүх, ой санамж бий гэдгийг хэлье.

Улс даяараа онц байдал тогтоох хэмжээнд хүрч байсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг санацгаая. Жагсаал цуглааныг тараахын тулд Монголын төр тавын таван иргэнээ зүгээр л гудамжинд нохой шиг буудаж байлаа. Энэ бол алан хядлага мөн. Хариуцлагыг нь гүйцэтгэх байгууллагын хэдхэн дарга нарт тохоод л өнгөрсөн. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн жагсагчдыг өдгөө ч хүчний байгууллагуудаас элдвээр дарамталдаг тухай тэд хэвлэлд өгсөн ярилцлагадаа олонтаа дурдсан байдаг. Тэгэхээр ийм байдал дахиад давтагдахгүй гэх баталгаа яг хаана байгаа юм бэ. Уг нь бол дээрх аймшигт явдлын дараа хэн гэдэг дарга нь бууд гэсэн тушаалыг өгсөн. Түүнийг нь хэн, хэн гардан гүйцэтгэсэн гэдгийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх ёстой байлаа. Хэрэв тэгсэн бол дараагийн удаа дарга нар тийм тушаал өгөхөө болино. Буулгасан тушаалыг нь хууль ёсны биш байна, тиймээс гүйцэтгэхгүй гэж хэлдэг албан тушаалтнууд бий болох ёстой байлаа.

Манайд өнөөдөр хүний эрхийн ноцтой зөрчил хэрээс хэтэрч, тоогоо алдсан. Төрийн байгууллагуудын хүнд суртал, элдэв дарамтыг шүүмжилж, тэсвэрлэж чадалгүйгээр төв талбай дээр нэг иргэн өөрийгөө шатаахад “Мөрийтэй тоглоомын өрөнд орсон, үл бүтэх нөхөр” болгоод л дуусгаж байв. Хэвлэн нийтэлснийх нь төлөө нэг сэтгүүлчийг элдвээр оролдсоор өнөөдөр тортой хананы цаана суулгачихсан л байна. Мөн 21-хэн настай цэл залуухан залуу цагдаа нарт зодуулснаасаа болоод эмнэлгийн орон дээр гавтайгаа байсаар байгаад бурхны оронд одсон. Энэ тухай одоохондоо шуугьж л байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэгсхийгээд намждаг байдал тогтсон. Анх энэ тухай мэдээлэл гарсны дараахан хүчний байгууллагуудын зүгээс тухайн залууг 10 гаруй гэмт хэрэгт шалгагдаж байсан. Бараг л “Үхэж байхдаа таарсан амьтан” гэсэн утгатай мэдээлэл хийж байв. Түүнийг шүүхээс гэм буруутайд тооцоогүй, төрийн хамгаалалтад байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Хууль зүйн сайд нь холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзах гэхэд цагдаа, шүүхийн шийдвэрийн байгууллагын дарга нь очоо ч үгүй. Үүнийг нь юу гэж ойлгох хэрэгтэй вэ. Нэг бол шинэ сайдаа үл тоосон. Үгүй бол хүний амь насыг юман чинээ бодохгүй байна гэж бодох юм уу. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлээд л байгаа. Амь насаараа төлж ил болгосон нь л энэ болохоос биш цаана нь ийм хэрэг зөндөө бий гэдгийг ч хэлдэг. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр хамтарсан засаг бий болж Хууль зүйн салбарыг Ардчилсан нам авсан. Тус нам хүний эрхийг дээдэлдэг гэдгээ байнга илэрхийлсээр ирсэн. Харин үнэхээр тийм эсэхийг одоо л харах цаг. Үнэхээр л хүнээ боддог, эрхийг нь дээдэлдэг улс төрийн хүчин юм бол зоригтой шийдвэр гаргаж, хэн гэж дарга түүнийг зодох, гавтай байлгахыг тушаасныг ил болгох ёстой. Мэдээж энэ үүргийг гүйцэтгэж, талийгаачийг үхэлд хүргэсэн албан хаагчдыг ч зарлах хэрэгтэй. Ер нь л мэдээлэл нь хаалттай, ил тод бус байвал хаана ч хүний эрхийн зөрчил гаарч, авлига хээл хахууль гаардаг жамтай. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, бүр тодруулбал хүний амь насыг хохироосон, эрхийг нь ноцтой зөрчсөн гэмт хэргийг хийсэн этгээдүүдийн мэдээллийг заавал ил болгох хэрэгтэй байгаа юм. Тэгж байж бид дэлхий нийтийн яваад байгаа зөв зам руу чиглэж, энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой болно.

Хууль, хүчний байгууллага мэдээж босоо удирдлагатай. Үнэхээр ч босоо удирдлага нь хэрэгжих газраа хэрэгжих зайлшгүй шаардлага бий. Гэвч хэдий болтол даргын үгийг бурхны лүндэн мэтээр хүлээн авч, алга хавсран ёсолж, үг дуугүй биелүүлэх ёстой юм бэ. Одоо чинь дарийн утаа үнэртсэн дайны үе биш. Ардчилал, хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм бүтээхийг зорьж яваа энх цаг. Тэгэхээр алба хаагчдаа даргын хууль бус тушаал, шаардлагыг биелүүлдэггүй. Тэр талаар нь зоригтойгоор шүгэл үлээдэг болгон бэлтгэх хэрэгтэй. Харин эргээд шүгэл үлээсэн алба хаагчдаа хамгаалдаг, эрхийг нь эдлүүлдэг хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Уг нь өнгөрсөн парламентын үед “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль” өргөн баригдсан ч манай дарга нар баталж өгөөгүй. Тэгвэл энэ удаад юуны тулд 126 гишүүнтэй болж, засгаа хамтран барьж байгаа билээ. Энэ талын хуулийн төслүүдийг өргөн барьж, одоо байгаа хуулиудаа эмхлэн цэгцлэх ёстой. Дээрээс нь хүний эрхийг ноцтой зөрчсөн этгээдүүдийн мэдээллийг ил тод болгодог бие даасан хууль байсан ч болохгүй гэх газаргүй. Мөн хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ ч чадавхжуул.

Хүний эрхийн үндэсний комисс заавал гэмт хэрэг болсны араас л явдаг биш, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудаа хийдэг болмоор байна. Ингэж байж л бид зориод байгаа хүнлэг, энэрэнгүй нийгмээ байгуулахад тодорхой шат ахина. Эс бөгөөс төрийн хамгаалалтад байсан иргэд нь гавтайгаа үхэж, үзэл бодлоо илэрхийлсэн нь гудамжинд буудуулсаар байх болно.