МАН, АН, ХҮН намын дарга нар өнөөдөр ажлын цаг дуусахын өмнөхөн "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" нэртэй хамтарсан Засгийн Газрын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгуулж, гэрээгээ албан ёсоор байгуулсан.

Тэгвэл тус гэрээнд АН-ын дарга Л.Гантөмөр дур мэдэн гарын үсэг зурсан болохыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдэгдэв.

 

Тодруулбал УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Манай намын бүлгээр хэлэлцээгүй шүү, яг одоо бүлэг хуралдаж байна, намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон бүлгийн даргаас хүртэл энэ гэрээн дээр эцэслэж санал өгөөгүй гэж яг одоо бүлэг дээр ярилцаж байхад гэрээг нь зурж байдаг. Арай дэндүү байна шүү. Энэ гэрээг АН-н ажлын хэсгийн гишүүдэд 13:46 минутанд өгөөд бүлэг 15:00 цагаас зарлаад одоо ч хуралдаж байна уг нь…" хэмээсэн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: " АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээг хэлэлцээд сууж байтал АН-ын намын дарга нар гүйж очоод Гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа … бүлэг эсрэг шийдвэртэй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй!!! Бүлэг хариуцлага хүлээхгүй" гэжээ.

 

Өөрөөр хэлбэл АН-ын дарга, Шадар сайд, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Засгийн Газрын хамтран ажиллах гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зурсан болж таарч байна.

 

Засгийн Газрын албан мэдээнд энэ тухай: "Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтыг гэрээнд тусгажээ. Тухайлбал, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан байна. Үүний тулд

 

.   Бүсчилсэн хөгжлийн бодлого

 

·   Хүний хөгжлийн бодлого

 

·   Хүний эрхийг дээдэлсэн засагласан бодлого

 

·   Эдийн засгийн бодлогыг хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгож, энэ хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөлд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, их, дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаар тохирлоо." гэжээ.

Э.Мягмар

sonin.mn