Монгол Улсад Ардчилсан Үндсэн хуулийг баталж, парламентын засаглал тогтоод даруй 32 жилийг үлдэв. Түүнээс өмнө 1924 онд зөвлөлт загварын социалист үзэл баримтлалтай анхны Үндсэн хуулийг баталсан. Үүнээс хойшх 1940, 1960 оны Үндсэн хуулиудад мөнөөх социалист тогтолцооны суурь хадгалагдсан.

Социалист Үндсэн хуулиудын гол онцлог нь төрийн эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэхэд оршдог. Харин 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа Герман суурьтай парламентын засаглалыг сонгож, түүгээр төрийн мэдлийн хуваарилалтыг хийсэн. Гэвч тэгэхдээ дэлхийн хаана ч байхгүй парламентын Монгол загварыг бий болгосон байдаг. Өнгөн дээрээ парламентын засаглалтай гэх авч үндсэндээ хуйцай шиг засаглалын хэлбэрийг тогтоосон. Үүний учир нь 70 жилийн турш “стан” хэлбэрийн, бусдын удирдлагад явж ирсэн Монголын улс төр цоо шинэ засаглалыг сонгож, түүгээрээ замнах бэлтгэл байгаагүй юм.

 

Үнэн хэрэгтээ Монголын улстөрчид тэр чигтээ нуран унаж буй зөвлөлтийн системийнхэн байв. Хэдийгээр “Монгол Улс улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ бөгөөд бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой” гэдгээ ойлгож байсан ч “Засаглалын ямар хэлбэр Монгол Улсад тохирох, алийг нь сонговол хаана хүртэл явах вэ” гэдгээ сонгодог утгаар нь тогтоож чадаагүй.

 

Тийм боломж ч байгаагүй. Чухам тийм шалтгаанаар парламентын засаглал нэртэй хагас Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байдаг юм. Ардчилсан хэмээх анхны Үндсэн хуулийн гол зохиогчид арга буюу Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын хэн нь ч атаман биш байх хувилбар бүхий Үндсэн хуулийг батлуулжээ. Түүнийг олонх судлаачид “Төрийн эрх мэдлийг хуваарилсан байх жинхэнэ Үндсэн хуулийн хоёр дахь шалгуурыг 1992 оны Үндсэн хууль давсан” гэдэг. Гэхдээ энэ нь бодит байдалтай яв цав нийцэхгүй. Үнэн хэрэгтээ анхны Ардчилсан Үндсэн хуулиас хойш Монголын төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хувааж эдэлсээр ирсэн. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалд гурвуулаа оролцоотой, тэдгээрт нөлөөлөх байдал нь давхцаж, ихэнх тохиолдолд Үндсэн хуулийн зарчмаас илт хол гажиг үүссэн. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр институц буюу төрийн гурван өндөрлөгийн хоорондын үүнээс улбаатай зөрчил улам хурцдах болсон. зөрчил улам хурцдах болсон. Явцын дунд Үндсэн хуулийн бус хуваарилалт үүсэж, эрх мэдэл нэг институц руу далдуур илэрхий шилжих процесс явагдсан. Энэ бол Үндсэн хуулиар эрх мэдлийн хуваарилсан ч парламентын засаглалыг монголчилсны үр дүн юм. Яг энэ нөхцөлийг Үндсэн хууль судлаачдын нэг хэсэг нь тойруу замаар, зарим нь шулуун хэлдэг. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан 2015 онд МУИС-ийн ХЗС-ийн багш байхдаа “Бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч эсхүл хаан гэн нэг хүн хэрэгжүүлбэл нийтийн ашиг сонирхлыг зөрчих, дур зоргоороо авирлах, өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх, цаазаар авах зэрэг зүй бус үйлдлүүд гардаг. Үүнийг хүн төрөлхтний өнгөрсөн түүх хангалттай нотолсон. Товчхондоо, төрийн эрх мэдлийг ерөөсөө нэг этгээдэд атгуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосны үр дүнд төрийн эрх мэдэл хуваарилах онол бүрэлдэн хөгжсөн хэрэг. Энэ онолыг Францын Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номд орчин үеийн утгаар нь анх тодорхойлж, АНУ-ын Үндсэн хууль тэргүүтэй баримт бичигт тусгалаа олсон” гэж бичиж байв. Гэсэн хэдий ч эцэст нь Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч

 

Ерөнхийлөгч маань Монголын төрийн хамаг эрх мэдэл болж хувирсан. Ерөнхийлөгч хууль тогтоох дээд байгууллага биш, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх статусгүй боловч аль алийг нь харьяалдаг болчихсон. Тэр дундаа шүүх эрх мэдлийн хамгийн том хаан болсон. Түүгээрээ түрий барьж Монголын улс төрд, нийгэмд тэр чигт нь хяналтаа тогтоодог эзэн болж хувирсан.

 

Үүнийг бүгд мэддэг. Гэхдээ хэн ч ярьж зүрхэлдэггүй. Ийм л болсон. Улмаар үүнд дулдуйдсан үе үеийн Ерөнхийлөгч “Монгол Улс парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой” гэсэн бодлогыг барих болсон. Монголын түүхэн дэх зургаан Ерөнхийлөгчийн Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас бусад нь буюу тав нь ийм байр суурьтай байсан, байгааг энд онцлон хэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ хүсэл сонирхлоо нуудаггүй ч илэрхий дайран довтолж байгаагүй юм.

 

Харин өнөөдөр энэ нь хүчтэй явагдаж эхэллээ. Парламентын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг чиглэсэн ятгалга, сэнхрүүлэг эрчимтэй явагдаж байгаа талаар байнга яригдаж байна. Энэ нь уг үйл ажиллагаа парламент, эсхүл Үндсэн хуулийн цэц дээр хэрэгжих хувилбартайгаар төлөвлөгдсөнийг харуулж байна. Парламент уу, Үндсэн хуулийн цэц үү. Удахгүй тодорхой болно. Үүнд улс төр, хуулийн салбарын нөлөө бүхий зарим хүн хүчин зүтгэж буй юм. Бизнесийн нэр бүхий компанийн эзэд ч хөрөнгө санхүүгээ бариад дэмжихээр явж эхэлжээ. Түүгээр зогсохгүй, сүүлийн үед Монголын улстөрчид парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гээд хоёр хуваагдаж байна. Одоо энэ хуваагдлаа ил тод зарлах л үлдлээ. Нэг үгээр хэлбэл энэ байдал нэлээд хурцдаж, далд үргэлжлэх аргагүй боллоо.

Ажиглагч А.БАТБОЛД