Өнөөдөр 14:53 цагийн байдлаар Улаанбаатар хотын баруун талаас борооны үүл шилжин ирж байна. Бороо өнөө шөнөдөө үргэлжлэн орж, маргааш үдээс хойшдоо зогсох төлөвтэй байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Борооны улмаас замын хөдөлгөөн удаашрах, зам талбайд ус тогтох, урсах, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэх зэрэг үзэгдлээс сэрэмжтэй байж ажлаа төлөвлөх, холбогдох байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг зөвлөлөө.

Өнөө шөнө Дархан-Уул, Төв, Өмнөговийн нутаг, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор, маргааш өдөртөө Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.