Паралимпын хоёр дахь өдөр пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн K-44 ангиллын 63 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдлөө.

Тэрбээр Доминиканы Жералдо Кастрог 19:5-аар, Италийн Антонино Боссолог 6:4-өөр тус тус ялж, мөнгөн медалийн болзол хангаад байв.

Алтан медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлж буй Туркийн Махмут Бозтекетэй учраа таарсан билээ. Тэд гурван жилийн өмнө Токиогийн паралимпад таарч, турк эр ялж байсан юм.

Түүнчлэн өнгөрсөн оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д учраа таарч, М.Бозтеке манай тамирчныг ялснаар шигшээд шалгарсан билээ.

Манай тамирчин 7:1-ээр тэргүүлж байсан ч турк эр найман оноо дараалан авснаар 7:9-өөр ялж, паралимпын аварга боллоо.