Ардчилсан нам, Шинэ намтай эвсэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд оролцох болсноо мэдээллээ. 

Т.Батцогт Нийслэлийн АН-ын хорооны дарга: АН-ын зүгээс салбар салбарын манлайлагч нарыг түлхүү нэр дэвшүүлсэн. Сүүлийн жилүүдэд эрх баригч нарын хийж чадахгүй, болохгүй байгаа олон асуудлыг өөрсдийнхөө зүгээс болон иргэдийн байр суурийг илэрхийлж байсан олон залуусыг АН-аас нэр дэвшүүлж байгаа. Энэ хүмүүс иргэдээ төлөөлж, дуу хоолой болон ажиллана. 

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: Сонгууль бол дүн тавьдаг. Дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хэрхэн, яаж хөгжив, бидний амьдрал өөрчлөгдөв үү, дарга нарын амьдрал өөрчлөгдсөн үү, ажилгүйдэл, эдийн засгийн асуудалд бид дүн тавина. Одоогоос дөрвөн жилийн өмнө МАН Аз жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөр дэвшүүлж олонх болсон. Дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот аз жаргалтай хот байж чадаж байна уу, үгүй юу гэдэгт бид ирэх аравдугаар сарын 11-ны өдөр дүнгээ тавина.Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, Шинэ нам хамтран оролцож байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг бид нэгтгэж харсан. Өнөөдөр эрх барьж буй нам өнгөрсөн дөрвөн жил эрх барьж буй нам Улаанбаатарчуудын ердөө 27 хувийн л дэмжлэгийг авч байгаа. Харамсалтай нь, 27-28 хувийн дэмжлэг авсан нам өнөөдөр 100 хувь засаглаж нөхцөл байдал ямар байгааг бид харж байна. Гэтэл Улаанбаатарчууд өнөөдөр олонхоороо МАН-ыг огт дэмжихгүй байгаа. Үлдсэн 70 орчим хувь нь санал хуваагдаж олонхоороо ялагддаг энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Цаг нь болсон. Энэ утгаараа өнөөдөр ардчиллын үнэт зүйлд нэгдэж олон намуудад санал тавьж, уулзалт хийж орон нутгийн сонгуульд нэгдэж зохион байгуулахаар оролцохоор эхний хэлэлцээр амжилттай боллоо. Сүүлийн найман жил Улаанбаатар хотыг нэг нам дангаараа удирдлаа. Үр дүн нь ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд МАН-ын дарга Х.Нямбаатар үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготойгоор Улаанбаатар хотод хоосон амлалт өгч ажиллаж байна. Бүх эрх нь байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байна.

 

АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир: Манай улс төрийн хоёр хүчин үзэл санаа, үнэт зүйл ойрхон. Өнгөрсөн хугацаанд манай ШИНЭ нам УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож олон хэрэгтэй мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Иймээс АН, ШИНЭ нам өнөөдөр хамтарч санамж бичиг байгуулж, гэрээндээ гарын үсэг зурлаа" гэлээ.

Санамж бичигт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал,ШИНЭ намын нарийн бичгийн дарга Б.Гантулга нар гарын үсэг зурав. Мөн УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Жаргалан, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нар тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд болон ШИНЭ намын дарга Ц.Гантулга нар хамтын ажиллагаанд гарын үсэг зураг санамж бичигт оролцлоо.