Агаарын чанар, эрүүл ахуйн хяналтын талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ дараах зөвлөгөөг хүргэлээ. 

Тэрбээр хэлэхдээ "Гадаад болон дотоод орчны агаарын чанарын асуудлаас болж жилд 7.1 сая хүн нас бардаг. Үүнээс 2.6 сая нь дотоод орчны агаарын чанараас хамааралтайгаар нас бардаг хэмээх тоон мэдээлэл бий.

Дэлхийн нийт хүн амын 91 хувь нь агаарын чанарын удирдамжид заасан түвшнээс бохир агаартай орчинд амьдарч байна. Тэр тусмаа Ази тивийн хүн ам агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдарч байгаа юм. 

Манай улс Номхон далайн бүс нутаг дотроо агаарын бохирдол ихтэй 10 хотын нэгд тооцогддог.

Тиймээс агаарын бохирдол нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй. 

Агаарын бохирдол нь хөдөлмөрийн чадвар алдах, цагаасаа эрт нас барах зэрэг эрсдэлийг үүсгэж байна. Тухайлбал 

  • тархины харвалт
  • зүрх уушгины хавдар
  • амьсгалын замын архаг өвчлөлүүдийг үүсгэж байгаа юм. Мөн чихрийн шижин өвчний шалтгаан болж байгааг судлаачид тогтоосон байдаг.

Тархины цус харвалтад агаарын бохирдол 20 хувь нөлөөлж байна.

Хүүхдүүд насанд хүрсэн хүнээс хоёр дахин их амьсгалдаг. Иймээс агаарын бохирдолд хамгийн их өртөж байна" хэмээв. 

Монгол Улсын хэмжээнд хийгдсэн 40 гаруй судалгаагаар ямар үр дүн гарсныг товч зураглалаар харуулав. 

  • Гадаад орчны агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлтэйгээ хамаараад амьсгалын замын өвчлөлд 52.9 хувь
  • Хүүхдийн амьсгалын замын өвчлөл гадаад орчны агаарын бохирдолд 24.1 хувь
  • Зүрх судасны эмгэг 20 хувь
  • Нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь
  • Уушги, зүрхний хавсарсан өвчний шалтгаант нас баралт 28.8 хувь
  • Уушгины хавдарт 39.9 хувиар нөлөөлсөн байгааг манай судлаачид тогтоож, гаргаж ирсэн.

Автомашины хөдөлгүүрийн шаталтаас азотын давхар исэл маш их ялгардаг. Манай улсад замын хөдөлгөөний даац хэтэрсэн энэ нөхцөлд астма нэмэгдэх эрсдэл байгааг Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэллээ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмж:

  • Эрчим хүч үйлдвэрлэлт: Утаа багатай түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр түлш рүү үе шаттайгаар шилжих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг (нар, салхи, усан цахилгааны эх үүсвэрүүд) нэмэгдүүлэх
  • Өрх айлын эрчим хүч дулаан: Хоол хийх, орон байрыг халаах, гэрэлтүүлэгт зориулсан хямд үнэтэй, ахуйн хэрэглээний цэвэр эрчим хүчний шийдлүүдийн хүртээмжийг баталгаажуулах хангах
  • Хот төлөвлөлт: Барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, ногоон барилга байгууламж бүхий хотыг бий болгох
  • Тээвэр: Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн цэвэр горимд шилжих, дугуй болон явган алхаж хөдөлгөөнд оролцох орчин нөхцөлийг бүрдүүлсэн хотуудыг бий болгох
  • Хог хаягдлын менежмент: Хог хаягдлын хэмжээг багасгах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах ба боловсруулах стратегийг тууштай хэрэгжүүлэх
  • Агаарын чанарын удирдамж: Хүрээлэн буй агаарын чанарын стандартыг чангатгаж, ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид нийцүүлэх

ВИДЕО: