Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр албан ёсоор угтаж авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.  

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв. 

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.