Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүс, аймаг, орон нутгийн удирдлагуудад соёл, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах эрх үүргүүдийг шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Аймаг орон нутгийн удирдлагуудад эдийн засаг, аж ахуйн болон бүс орон нутагтаа шаардлагатай хөгжлийн тухай шийдвэр гаргах эрх үүргийг үе шаттай өгч байгаа. Энэ хүрээнд бүс, аймаг, орон нутгийн хэмжээнд аливаа соёл, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах эрхийг шилжүүлж байгаа гэсэн үг. 

Засгийн газар нь орон нутагт аливаа арга хэмжээг зохион байгуулахад ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс аймаг, орон нутгууд нь өөрсдөө хариуцаж зохион байгуулах боломжийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл улсын их баяр наадмаас бусад төрлийн соёл, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах шийдвэрийг аймаг нийслэлийн удирдлагууд өөрсдөө гаргаж, хариуцлагаа үүрнэ. 

Үндэсний спортыг зохион байгуулахдаа салбар яамдын зөвлөмжийг үндэслэж стандарт, аюулгүй байдлыг хангана. Морин спортын хаврын уралдаан зохион байгуулах эрхийг тухайн орон нутгийн удирдлагуудад шилжүүлж байгаа.

Засгийн газрын гаргасан шийдвэр орон нутагт хангалттай хэрэгждэггүй. Орон нутгийн удирдлагууд хяналт тавьдаггүй, зохион байгуулалт алдагддаг. Зөвхөн соёл, урлаг, спортын арга хэмжээ бус хот байгуулалт, дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулалт татах, бодлого шийдвэр гаргах, хэрэгжилт хангуулах ажлыг шат дараатайгаар орон нутгийн удирдлагуудад шилжүүлж байна" хэмээн мэдээллээ. 

Түүнчлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын 2019 онд гаргасан 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар болж байна. Хугацааг Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутаг нь хариуцан шийдэхээр болж байгаа тул хамгийн түрүүнд хүүхдийн эрх хангагдсан байхыг шаардана.

Хууль бусаар нэг, хоёрдугаар сард уралдаан зохион байгуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох, хаврын морин уралдаан зохион байгуулах тохиолдолд 12-оос дээш насны хүүхдээр унуулах гэж ёстой гэсэн чиглэлийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас зөвлөмж болгон өгч байгаа" гэв.