Шадар сайд Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холбох хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ үйл явдалтай зэрэгцэн манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Ер нь хил холболт хийгдсэнээр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

 

-Хил холболтын гэрээ байгуулагдаж байгаа энэ цаг хугацаа бол манай улсын хувьд маш чухал цаг хугацаа юм. Эдийн засаг тэр дундаа геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед гадаад орчны нөлөөллийг бууруулах, аливаа хүндрэлийг даван туулахад чухал ач холбогдолтой хэлэлцээр юм.

 

Манай улс нээлттэй, жижиг эдийн засагтай орон. Түүхий эдээ экспортлоод гаднаас бараа бүтээгдэхүүнээ худалдаж авдаг онцлогтой. Хүн ам цөөн, зах зээл нь хумигдмал. Тийм учраас дотоод руу чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүндрэлтэй. 

 

Түүнчлэн маш том газар нутагтай, ард иргэд маань тараад суурьшчихсан учраас тээвэр логистикийн зардал өндөртэй. Ингэхээр аж үйлдвэрлэл хөгжих боломж бага. Тэгэхээр нэгдүгээрт, ард иргэд маань улс орныхоо онцлог болоод нөхцөл байдлаа маш сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улс хөгжье гэвэл хамгийн нэгдүгээрт, дотоодын болоод гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан тогтвортой бодлого, улс төрийн тогтвортой байдал чухал байна. Хоёрдугаарт, дэд бүтэц чухал. Харин манайд бусад улстай харьцуулахад дэд бүтцийн хөгжил асар сул. Гэтэл орчин үед иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ, эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд тэлэх шаардлагатай. Эдийн засгаа тэлэхэд хөрөнгө оруулалт маш чухал. Маш энгийнээр хэлэхэд манайд гаднаас валют орж ирж байж л эдийн засаг тэлнэ. 

 

Валют байхгүй бол эдийн засаг байхгүй. Буурах юм бол эдийн засаг маань хурцлагдчихдаг. Манай улс эдийн засгийн хувьд яг л ийм өгөгдөлтэй орон. Харамсалтай нь өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Том төслүүдээ хөдөлгөж чадаагүй.

 

Харин энэ удаагийн Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холбох хэлэлцээр дээрх алдагдсан боломж, цаг хугацааг нөхөж орж ирж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Хамтарсан Засгийн газар томоохон төслүүд хэрэгжүүлэхээр зарласны нэг нь Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холбох ажил юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол Улс ганцхан төмөр замын гарцтай байлаа. Уг нь 5-10 гарцтай болох боломж байсан. Гэвч популизм хийж, улстөрчид хоорондоо хэрэлдэж маргалдсаар байгаад ганцхан гарцтай явсаар ирлээ. Үүгээрээ Монгол Улс хөгжлийн асар их боломжоо алдсан. Гэвч одоо бид хожимдсон ч гэлээ алдсан боломжоо олж харж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа хийж, холболтоо явуулж байна гэдэг сайн. Үүнийгээ дагаад таван чиглэлээр хил холболтоо хийнэ.

 

-Манай улсын эдийн засгийн өгөгдөл нэлээд онцлог гэдгийг та ярилаа. Олон улсын эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Манайх шиг өгөгдөлтэй улс оронд хэрхэн яаж тусахаар байна вэ?

 

-Дэлхий ертөнцийн дэг журам орвонгоороо өөрчлөгдөж байна. 1945 он хүртэл буюу дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх дэлхий маш их бужигнасан, дайн байлдаантай, том улс нь жижиг улсаа эзлэн түрэмгийлсэн, өөрийн бодлогыг тулгадаг, колоничлолын бодлоготой ийм байлаа. Энэ үед иргэдийн амьдрал ахуй маш хэцүү, дундаж наслалт маш бага, хоол хүнсний хязгаарлалтай байсан. Харин 1945 оноос хойш бүгдээрээ ингэж болохгүй юм байна.

 

Энхтайван дэлхий байх ёстой гэж үзээд НҮБ, НАТО үүсэн байгуулагдаж, ОУВС, Дэлхийн банк бий болж дэлхийн нийтийг хамарсан ядуурал, хямралын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Үр дүнд нь дэлхий дээр энх тайван тогтсон.

 

Дэлхийн эдийн засаг өнгөрсөн 80 жилийн хугацаанд найм дахин өссөн, ядуурал гурав дахин буурч, дэлхийн хүн амын дундаж наслалт 20 жилээр өссөн.  Улс орнууд өөр хоорондоо зорчдог, аялдаг, худалдаа наймаа хийдэг, улс орнуудыг холбосон дэд бүтэц маш сайн хөгжиж нэг дэлхий болсон.  Гэтэл одоо дэлхий нийтээрээ 1945 оны өмнөх үе рүүгээ явж байна. Дайн байлдаан хийдэг, том гүрнүүд нь хөгжиж байгаа жижиг улсууд руугаа өөрсдийн бодлогоо тулгаад эхэллээ. Тарифын хязгаарлалтууд эхэлж байна. Манай эдийн засаг хөгжиж байвал танайх хамаагүй, манай улсын иргэд л болж байвал танай улсын иргэдийн асуудал бидэнд хамаагүй гэсэн бодлогууд сүүлийн хоёр гурван сарын хугацаанд гарсаар байна.

 

Дайны нөхцөл байдлаас илүүтэй дэлхийд эдийн засгийн дайн эхэллээ. Ийм тохиолдолд жижиг нээлттэй манайх шиг эдийн засагтай улс орнууд хамгийн их хохирдог. Сүүлийн 35 жилийн хугацаанд бидэнд алдсан, оносон зүйл бий.

 

Ямар ч гэсэн экспорт хийдэг, эдийн засгаа өсгөсөн улс болсон байна. Тэр ч утгаараа гадаад орчны нөлөөлөл манай эдийн засагт тусна. Бидний борлуулдаг уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурна. Гадаадын том зах зээлүүд бие биеэ хаагаад эхлэхээр үйлдвэрлэл нь зогсоно. Үйлдвэрлэл нь зогсоод ирэхлээр манай улсын экспортолдог түүхий эдийн хэрэгцээ буурахаар байна. Энэ дүр зураг нүүрснээс эхлээд ажиглагдаж эхэллээ. Цаашлаад эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ буурах нь. Энэ бол бодит байдал юм.

 

-Засгийн газраас геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Үүнээс та бодлогын ямар арга хэмжээг онцлох вэ?

 

-Энэ тохиолдолд дэлхийн улс орнууд нэгдмэл бодлого хэрэгжүүлж байна. Европын улсууд хамтдаа энэ сорилтыг яаж даван туулах вэ гэдгээ яриад эхэллээ. Саяхан би булангийн орнуудад очиж ажиллаад ирсэн. Тэд түүхэндээ байгаагүйгээр нэгдэж, зах зээлээ хамгаалж үлдэхээр ярьж байна. Тогтвортой байдал бий болгохыг чухалчилж байна. Манай улсын хувьд нэг сайн тал нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд засаглалын хувьд тогтвортой байж чадаж байна. Хамтарсан Засгийн газар байгуулсан. Өмнөх шигээ бид хэдэн талдаа гарч чулуу шидээд байвал бодлого маань тогтворгүй байна. Ийм нөхцөлд том төслүүд маань хэрэгжих эхлэхгүй байлаа. Ер нь гадна талд бужигнаж байхад бид дотооддоо бужигнаж таарахгүй шүү дээ. Яг ийм тохиолдолд бидэнд юу хэрэгтэй байна гэхээр экспортоо нэмэгдүүлж, орлого олох бүхий л арга хэмжээг авах шаардлагатай. 

 

-Олон улсад нүүрсний үнэ унаж эхэлсэн. Гэтэл манай улсын орлогын дийлэнх хэсгийг нүүрсний экспорт бүрдүүлж байна. Цаашид энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?

 

-Орлогоо олж авахын тулд нийлүүлэлтээ биет хэмжээгээр нь нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд экспортын гарцуудаа олон болгох, дэд бүтцээ угсрах, төмөр замаа барих хэрэгтэй. Ингэж байж бид хямралыг богино болон урт хугацаандаа даван туулна. Засгийн газар оны өмнөөс эхлээд дээрх ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлээд явж байна. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гэхэд төмөр замын хил холболтын гэрээг соёрхон батлах асуудал орж батлагдах байх.

 

- Төмөр замын хил холболтын гэрээ хэлэлцээртэй холбоотой улс төржилт нэлээд байх шиг байна. Танд ер нь хэр мэдрэгдэж байна вэ?

 

-18 жил улстөржилтийн гол цэг байсан, 70 жилийн дараа холбогдох гэж байгаа төмөр замын хоёр дахь гарц шүү дээ. Юу үнэн гэхээр Монголын эдийн засаг БНХАУ-ын эдийн засгаас хамаарч байна. Энэ бол бодит байдал. Хятад бол дэлхийн хоёр дахь том зах зээл. Удахгүй нэг дэх болон хөгжинө. Бидэнд энэ бол том давуу тал юм. Хуурай газраараа холбогдож байгаа хэсэгтээ гарцыг аль болох олноор нь холбох нь чухал байна. Дэлхий ингэж л явдаг шүү дээ. Улс орнууд энэ л зарчмаар хөгжиж ирсэн.

 

- Эрчим хүчний реформ хийхээр зарласнаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Тал талдаа янз бүрийн л асуудалтай тулгарч байна.  Реформ хийж чадсан уу, чадах нь уу?

 

-“Ард түмэн ядуу байна. Тийм болохоор эрчим хүчний үнийг өсгөж болохгүй” гэсэн популизмаас болоод эрчим хүчний салбар ядууралд өртчихсөн. Тоног төхөөрөмж нь хуучирсан, тог нь тасардаг болчихсон. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийе гэхээр үйлдвэрлэсэн өртгөөс нь бага үнээр эрчим хүчээ нийлүүл гээд тулгаад байхаар хувийн сектор орохгүй.

 

Төр нь мөнгө байхгүй, зээл авч болдоггүй. Ингээд чөтгөрийн тойрог шиг эргэлт нь гацчихсан байгаа. Ингээд ярихлаар Т.Доржханд их муу, муухай хүн болдог. Гэхдээ уучлаарай, ийм юм ярих гэж Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. 

 

Үүнийг бодитоор нь хэлээд ойлгуулаад шүүмжлүүлсэн ч гэлээ энэ улсын төлөө реформыг нь хийж, дуусгана. Эдийн засгийг дараагийн түвшинд аваачих нь Т.Доржханд гэдэг хүний, энэ Засгийн газрын үүрэг юм. Эрчим хүчний үнийг ядаж өртөгт ойртуулж нэмээгүй бол дараагийн том төслүүд энэ салбарт үнэхээр явах боломжгүй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд олон улсад тоглогч болох боломжтой. Засгийн газраас энэ чиглэлийн ажлыг эхлээд гэрээ хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Харбинд болсон уулзалтаар урд хөрштэй сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ ч гэсэн эрчим хүчний реформын нэгэн хэсэг юм.

 

 

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин