УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд “…Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд дахин болон үргэлжлүүлэн нэр дэвших боломжтой” гэх агуулга бүхий өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хуулийн төслийг санаачлахаар болсон байна. Улс төрийн хүрээнд ийм мэдээлэл яригдаад унав.

Өнөөдөр, Үндсэн хуульд Гучдугаар зүйлийн 2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий. Хэрэв О.Амгаланбаатар нарын хууль УИХ руу орж, түүнийг нь баталбал уг заалт дахь “…Зөвхөн нэг удаа” гэсэн нь өөрчлөгдөнө гэсэн үг. Үүнээс гадна, “…Зургаан жилээр” гэснийг хэвээр үлдээх үү, “…Дөрвөн жилээр” болгох уу гэдэг асуудлууд ч яригдана. Энэ мэтээс эхлээд Үндсэн хуулийн анхны эхэд нийцүүлэх ярвигтай асуудлууд бий. 

Гэхдээ л, О.Амгаланбаатар нарын АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд Үндсэн хуулийг өөрчлөхөөр зориглоод үзэв бололтой. Тэрээр “…Могой жилд хаан сунгагддаг” гээд дайрчихаж байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын тухайд 

Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших үед нь Гааль, татварын алба хариуцсан орон тооны бус гишүүнээр ажиллаж байв. Одоо АН дотроо Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны “Нэг Монгол” хөдөлгөөнд харьяалагддаг. 

Гэхдээ түүний энэ санаачилга одоогийн Ерөнхийлөгчид таалагдах уу. Энэ бол тавигдах ёстой асуулт юм. Учир нь Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг “сунгах буюу дахиулах” санаа О.Амгаланбаатар нарын АН-ын гишүүдээс гарч байна. Үүнд одоогийн Ерөнхийлөгч талтай бол МАН ч дэмжих магадлалтай болно. Гэвч хэдхэн хоногийн өмнө, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираах үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ЕТГ-ын дарга Г.Занданшатараас “…Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу” гэж асуусан. Тэгэхэд Г.Занданшатар “…Ерөнхийлөгчийн зүгээс аливаа тийм өөрчлөлтийг санаачлах асуудал огт яригдаагүй бөгөөд санаа зорилго байхгүй” гэж хариулсан юм.