Л.Мөнхбаясгалан: Ардчилсан нам хатавчинд суучихаад эрх баригч МАН-ын хий гэснийг хийгээд явдаг улс төрийн хүчин байж болохгүй
2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны хувьд энэхүү анхны 126 гишүүнтэй парламентад говийн бүсээс сонгогдон ажиллаж байгаа. Парламентын хоёр ч чуулган завсарлалаа. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Энэ хүртэл парламентын гишүүний хувьд ямар ажлуудыг хийж, ямар бодлого гарган ажиллав?
-Парламентын гишүүнээр сонгогдоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хүртэл зүгээр лав суусангүй. Миний хувьд маш том тойрог бүсээс сонгогдсон. Ажиллах хугацаандаа нэг зүйлийг тодорхой ойлголоо.
Говийн бүс ордоггүй, говийн бүс дурдагддаггүй ажил гэж энэ парламентад, энэ Монголын төрд алга. Энэ бүсийн хувьд улсын төсөвт хамгийн их мөнгийг төвлөрүүлдэг. Энэ бүсэд хамгийн олон стратегийн орд газрууд бий. Эсрэгээрээ хамгийн их байгаль, экологийн тэнцвэрээ алдсан нь бас говийн бүс болж байна. Говийн бүс усгүй болж байна. Говийн бүсэд цөлжилт хамгийн их явагдаж байна. Хүн ард нь нүүлгэн шилжүүлгэд байнга өртөж байгаа гэх мэт тулгамдсан асуудал их. Сэргээгдэх эрчим хүч, дулаан цахилгаан станцуудыг говьд барих шаардлагатай. Үүнийгээ дагаад говьд хөрөнгө оруулалт чухал байгаа. Усгүй, эрчим хүчгүй говь цаашид яах юм. Говиос гарсан хамаг хөрөнгө мөнгийг бусад аймгуудад хуваарилаад өгчихдөг. Нэг талаараа нэгдмэл улсын маань хууль нь өөрөө ийм учир яах ч арга байдаггүй байх. Гэтэл нөгөө талдаа говийн бүс гаргаж байгаа баялаг шигээ хөгжмөөр байна. Харамсалтай нь хөгжихийн тулд асуудал их байгаа.
Байгаль цаг уураасаа шалтгаалаад мөн бусад хүчин зүйлсээс улбаалж, хүн ардын эрүүл мэнд ч доройтож байна. Энэ бол анхаарах ёстой нэн тэргүүний асуудал. Үүнд л анхаарч ажиллана гэж энэ том тойргоос сонгогдсон.
-Мэдээж таны хувьд бодлого, хууль эрх зүйн хүрээнд эдгээр асуудлуудыг анхаарч ажиллах нь тодорхой байх…
-Тэгэлгүй яах вэ. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэгдэнэ. Энэ утгаараа улсын төсөв хэлэлцэх үед болон бусад хуулиуд хэлэлцэгдэн батлагдах үед говийн бүсийн асуудлыг шийдэхийн төлөө идэвх санаачилгатай дуугарсаар байна. Үүний төлөө л хичээж ажилласан нэг жил гаруй хугацаа өнгөрлөө дөө. Нөгөөтэйгүүр үнэхээр олон ажил гарц, шийдлээ хүлээж байгаа энэ том тойрогт нэгийг нь ч гэсэн шийдчих юмсан гэсэн сэтгэлээр зүтгэхэд зарим зүйлд яах аргагүй улс төрийн бяр дутаж байх юм. Манай Ардчилсан намын мөрийн хөтөлбөр маш сайн байсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийг либералчлах, хөрөнгө оруулалтыг татах, шударга ёсыг тогтоох, экологийн тэнцвэрийг барих зэрэг томоохон асуудлыг шийдэх ёстой. Үүнийг шийдэхийн тулд Ардчилсан нам ялах л ёстой гэдгийг ойлгосон нэг жил байлаа гэж хэлмээр байна.
-Таны хувьд УИХ-ын гишүүн хүн гэж яг ямар хүнийг хэлнэ хэмээн үздэг вэ?
-Их хурлын гишүүн гэдэг хүн дарга биш, дарангуйлагч биш, хулгайч биш байх ёстой. Харин ард түмний эрх ашиг хаана зөрчигдөнө тэнд л үг, үйлдэл нь тод илэрч байх ёстой хүнийг УИХ-ын гишүүн гэх байх. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн гэдэг дан ганц аль нэг бүсийн эрх ашгийн төлөө биш, нийт ард түмнийхээ эрх ашиг, үзэл бодлыг хамгаалж, дуу хоолойг нь төрд тусгах үүрэгтэй хүн. Энэ ч утгаараа миний хувьд сонгуулийн өмнө дан ганц говийн бүсээр бус нийт 21 аймгийн ард түмэнтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсож явсан. Яг л энэ зарчмаараа ажиллах гэж хичээсэн нэг жил өнгөрлөө гэж ойлгож байна. Одоо миний дотор юу бодогдож байна вэ гэхээр юуны түрүүнд Ардчилсан намаа ялуулах ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Ингэхийн тулд илүү дорвитой эрх мэдэлд хүрч ажиллах ёстой юм байна. Түүнээс биш Ардчилсан нам хатавчинд суучихаад эрх баригч МАН-ын хий гэснийг хийгээд явах ёсгүй. Шууд хэлэхэд, жинхэнэ ард түмнийхээ төлөөлөл байж, намын мөрийн хөтөлбөр, бодлого зорилтуудаа бүрэн бүтэн хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлийг л авах ёстой. Энэ ч утгаараа миний хувьд парламентад ажилласан нэг жилийнхээ ойн дээр Монголын улс төрийн том хүчин Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдчихсэн сууж байгаа минь энэ.
-АН хатавчинд суучихаад МАН-ын хий гэснийг хийгээд яваад байж болохгүй гэж та хэлж байна. Угтаа сонгуулиар ард түмэн Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин болгож өгсөн. Гэтэл танай нам Засагт хамтраад явсан. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Нэг зүйл хэлье. Би АН-д элсээд тойрог аваад нэр дэвшээд явахад манай намын удирдах албан тушаалуудад байдаг, надаас өмнө энэ намаас хэд хэдэн удаа сонгогдчихсон хүмүүс надад нэг л зүйлийг хэлж байсан. Маш сонин. Юу гэхээр тэр хүмүүс “…Баясаа, сонгуулиар манай нам хэзээ ч ялахгүй шүү дээ…Сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдах нь угаасаа тодорхой…” гэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл, тэр хүмүүс үр дүнг харалгүйгээр ялагдлаа шууд хүлээн зөвшөөрчихсөн байсан гэсэн үг. Гэтэл миний хувьд ямар ч үед ялагдахыг хүсдэггүй. Би заавал ялж байж салдаг зантай. Харин ялалтад хүрэхэд хугацааг тоодоггүй. Арван сар байна уу, арван жилийн дараа ч байна уу, ялах ёстой л гэж зүтгэдэг. Түүндээ хүрдэг. Гэтэл тэр хүмүүс ялагдана гэсэн бодлоор л сонгуульд нэр дэвш гэж тулгаж байгаа юм. Энэ сонин үзэл бодлын эсрэг надад хэлэх үг олдоогүй. Харин ганц л зүйлийг хэлдэг байсан. Хэдүүлээ ялъя л даа, яагаад болохгүй гэж. Ингээд л зүтгэсэн. Үр дүнд нь говийн бүс ялсан. Говийн бүсэд надтай хамт дэвшсэн манай намын нөхдүүд бид үнэхээр атгасан гар шиг явсан учраас ялж чадсан байхгүй юу. Үүнээс эв нэгдэл манай намд хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Та одоо санаж байгаа бол яг сонгуулиар говийн бүсэд АН олонх болж ялна гэсэн улс төрийн урьдчилсан таамаг огт байгаагүй шүү.
-Хамтарсан Засгийн газрын тухайд…?
-Уг асуудал анх яригдаж байхад манай намын дарга “Ядаж ажил хийдэг нам гэдгээ АН харуулмаар байна. Бид өнгөрсөн гурван сонгуульд ялагдлаа. Одоо АН юу хийж чаддаг нам бэ гэдгийг сайд нараараа дамжуулаад ард түмэнд харуулъя” гэдэг зүйлийг л бидэнд хэлсэн. Ингэж хэлэхээр нь миний хувьд хоёр гараа өргөөд дэмжсэн. Улмаар хамтарч, манай сайд нар ч чин сэтгэлээрээ ажиллаж чадсан. Ингээд ажил хийснээрээ биш улс төрийн нөгөө л нэг шалгуураараа бид хөөгдөөд л гарцгаасан. Хөөгдөхөө бид мэдэж л байсан. Түрүү нь би хэлсэн. МАН-ын хий гэснийг хийдэг нам байх ёсгүй гэж. Энэ л байхгүй юу. Хөөгдөхөө мэдсэн атлаа хамтраад явдаг. Эсвэл ажил хийхийн төлөө хөөгдөхөө мэдсэн ч хамтраад явдаг энэ л АН-ын гутамшиг. Тиймээс л бид эрх мэдлийг л авах ёстой. Эрх мэдэлтэй нам болох ёстой байхгүй юу. Эрх мэдэлтэй болохын тулд бид эхлээд ялах шаардлагатай. Ялахын тулд бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй болохын тулд бид шударга л байх ёстой юм. Шударга байхын тулд бид энд тэнд очоод наймаалцдагаа л болчих хэрэгтэй. Одоо хараарай, хаана бол хаана очоод наймаалцдаг болсон байна. Намаасаа нэр дэвшье гэхээр тавьдаг эхний асуулт нь “Чамд тэгээд мөнгө байгаа юм уу” гэж байна. Үүнийг л больё. Мөнгөгүй хүн орж болдоггүй сонгууль уу. Мөнгөгүй хүн хүн биш үү. Тэр дундаа манай намын хувьд. Ядаж намын дотоод сонгуульд мөнгөтэй эсэхээс үл хамаараад шударга л ордог, оролцдог болмоор байна. Үүнийг л би хэлээд байгаа юм.
-Намын даргад нэр дэвшигчид тавигдах шалгуур буюу дүрмийн асуудал яригдаж байгаа. Та үүнийг мэдэж байгаа байх. Өмнө нь Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажилласан байх ёстой гэх мэт. Ер нь дүрмийн шаардлагаа хангаж байгаа юу?
-Өмнө нь байсан дүрэм, шалгуурууд. Одоо энэ дүрэм байхгүй. Өмнөх энэ шаардлага, шалгуур, дүрэм, журмыг бид хэдэд зориулж гарган ирж хэвлэлээр сэвж байгаа юм. Ер нь Ардчилсан нам өөрөө ямар нэгэн шалгуур тавиад гишүүдийнхээ сонгогдох, сонгох эрхийг зөрчөөд байж болохгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулиас дээгүүр дүрэм битгий хэл хууль ч байх ёсгүй биз дээ. Ядаж Улс төрийн намын тухай хуулиа унших хэрэгтэй. Гэтэл Ардчилсан нам өөрөө үүнийг шалгуур гэдэг зүйлээр зөрчиж болохгүй. Мөн энэ намд чинь эмэгтэй хүн нэр дэвшиж болдоггүй юм уу. Ер нь хэн ч болох тэр эрхийг Ардчилсан нам дүрэм, журам бүх зүйлээрээ нээлттэй болгох ёстой л байхгүй юу. Шалгуур тавих гээд байдаг юм бол ингэх л ёстой. Гэмт бүлэглэлд дагаар ороогүй, ёс зүйн зөрчил гаргаагүй, тансаглаж, худлаа том амлаж явдаггүй…гэх зэргээр зарчмын болоод ёс зүйн шалгууруудыг тавих хэрэгтэй.
-Таныг намын даргад дэвшихээ зарласан тэр мөчөөс эхлээд л Женко намаа авах гэж байна гэдэг зүйлийг сэвж эхэлсэн. Нөгөө л нэг хэн нэгний ард тэр байдаг гэдэг улс төрийн бохир технологи ажиллаад эхэлсэн шүү дээ…Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Инээдтэй. Саяхан “…Женконуудаас намаа аваръя” гэж бичсэн байна лээ. Намаа аваръя гэж бодож байгаа юм бол Ардын намаас аврахгүй юм уу, авлигаас авардаггүй юм уу. Энэ нам мөхөж, бүх сонгуульд ээлж дараалан ялагдаж байгаагаас авардаггүй юм уу. Үүний оронд намынхаа нэг гишүүнээс аваръя гэхээр л энэ нам сайн, сайхан болчих уу. Нэр зүүдэг, шошго наадаг, улмаар тэр мангас гарч ирэх гэж байна гэж хоосон итгүүлдэг. Ийм бохир улс төрийн технологи нэг үе хүчтэй байсан нь үнэн. Гэхдээ одоо хол явахгүй болчихлоо. Улиг болсон энэ технологиор ард түмэн, намын эгэл жирийн гишүүд үзэл бодол, саналаа худалдахаа больсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Зочин · 2 цагийн өмнө
SADAR SEXSY VANAGN DYRN SERELN XANGI VANXANDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSYGEER ANUSDI SEXSYGEER XUCHINDEX ERD ALNI SEKSEER BOOW GUN XXNO80955877