Ц.Даваасүрэн: Станцууд гацаасан гэсэн сайдын шийдвэртэй баримт гаргаад ирвэл би гишүүний ажлаа өгөхөд бэлэн байна
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед тан руу чиглэсэн дайралт, шүүмжлэл ихсэж байна. Хүмүүс яагаад ингэж дайраад байна вэ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуултыг сүүлийн үед үнэхээр олон хүн над руу чат, мессэжээр тавьж байна. Тиймээс би энэ асуудалд нэг мөр тодорхой хариулт өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцох ёстой гэж ил тод хэлсний маргаашаас эхлээд л “Ц.Даваасүрэн мэргэжлийн сайд биш”, “цахилгаан станцуудыг гацаасан” гэх мэт үндэслэлгүй, зохион байгуулалттай гүтгэлгүүд цацагдаж эхэлсэн. Энэ бүхэн санамсаргүй давхцал огт биш гэж харж байгаа. Учир нь Б.Чойжилсүрэн сайдын оронд Ц.Даваасүрэн очих магадлал өндөр байна, хэрэв очвол эрчим хүчний салбарыг хувьчлуулахгүй гэдгийг ойлгосон учраас ийм дайралтууд хийж эхэлсэн гэж би харж байгаа. Би хэзээ ч улс орныхоо, намайг сонгосон иргэдийнхээ эрх ашгийн эсрэг зогсож байсангүй. Зогсох ч үгүй. Ингэж харагдуулах гэж харийн цустай улсууд их л хичээх юм, чадахгүй. Хатуухан хэлэхэд, стратегийн ач холбогдолтой хувьчлахгүй юм гэж бас бий шүү.
-Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарыг хувьчлахтай холбоотой ашиг сонирхлын зөрчил байна гэж та үзэж байна уу?
-Яг тийм. Ерөөсөө л ийм технологи явдаг юм байна. Эхлээд эрчим хүчний салбарыг туйлд нь хүртэл доройтуулна, дараа нь станцуудыг элгээр нь хэвтүүлнэ. Ингээд ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн тэвчээрийг барж дуусгаад “Өөр гарц алга” гэсэн байдлаар хувьчлал руу чирдэг. Энэ бол санаандгүй процесс биш, системтэй явдаг арга барил.
Би энэ талаар баримттайгаар хэлсний төлөө л хаа хамаагүй зүйлтэй холбож, гүтгэж, дайрч, харлуулах оролдлого хийж эхэлсэн. Нөгөөтэйгүүр би сэргээгдэх эрчим хүчний салбарт буруу явж байсан олон зүйлийг залруулсан. Энэ зарим хүмүүст мөн таалагдаагүй. Өөрөөр хэлбэл, дураараа бизнес хийж, хяналтгүй ашиг хүртдэг байсан хэсэг бүлэглэлийн эрх ашгийг би хязгаарласан. Тиймээс л хонзогнож байж магадгүй. Эрчим хүчний салбарыг бүр “өмчилчихсөн” мэт аашилдаг, өөрийн бизнесийн талбар болгосон хүмүүс бий.
-Таныг сайдаар ажиллаж байхдаа Тавдугаар цахилгаан станц, Багануурын станц, Тавантолгойн станцыг гацаасан гэж буруутгаж байгаа. Мөн л гүтгэлэг үү?
-Мэдээж шүү дээ. Энэ бол бүр илт худал гүтгэлэг. Тавдугаар цахилгаан станцын тухайд бол би бүр мэдэх ч үгүй. Надаас өмнө шийдвэрүүд нь гарсан асуудал. Багануурын станц ч мөн адил. Миний өмнө яригдаж байгаад алга болсон төсөл. Намайг “гацаасан” гэж ярьж байгаа хүмүүс баримт гаргаж чадахгүй болохоороо дараа нь ялих шалихгүй зүйлс ухаж гаргаад, түүнийгээ гүтгэлэг болгох гэж оролдож байгаа юм. Ер нь эрүүл ухаанаар бодоход бүхэл бүтэн гурван том станцын төслийг нэг сайд гацаадаг, зогсоодог гэж юу байх билээ. Ийм үнэмшилгүй гүтгэлэг хийж байгаад олон нийт одоо итгэхээ больсон.
-Тэгвэл Багануурын станцтай холбоотой таны ярьсан ҮАБЗ-ийн зөвлөмж гэж яг юу байсан бэ. Тэр зөвлөмжөөр л зогсоосон гэж та хэлсэн шүү дээ...?
-Би баримт ярьсан. Тодорхой баримт. Тухайн үед Багануурын цахилгаан станцтай холбоотойгоор “Хятадууд ихээр орж ирэх гэж байна” гэсэн шалтгаанаар эсэргүүцлийн цуглаан хүртэл болсон. Үүнтэй холбогдуулж Улсын аюулгүй байдлын зөвлөл ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан. Энэ бол ҮАБЗ-ийн албан ёсны ажлын хэсгийн дүгнэлт. 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гарсан. Ажлын хэсгийг ахалсан хүн нь Бадрал гэж мэргэжлийн өндөр түвшний хүн бий. Тэр хүн бол манай улсын ерөнхий диспетчер, диспетчерийн албыг удирдаж байсан, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг.
-Тэр дүгнэлтэд яг юу гэж тусгасан байсан юм бэ?
-Багануурын 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр агрегатаар төвийн эрчим хүчний системд холбох нь ноцтой эрсдэлтэй гэж дүгнэсэн. Яагаад гэвэл 350 МВт-ын нэг генератор ямар нэг шалтгаанаар зогсвол системийн найдвартай ажиллагаа хангагдахгүй. Тодруулбал, савалт үүсч, бусад бүх станцуудыг дагуулаад унагах эрсдэлтэй. Давтамжийн ноцтой алдагдалд орно. Тэр хэмжээний генерацыг гэнэт зогсоход нөхөж хаах нөөц манай системд байхгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 350 МВт-ын генерац унахад түүнийг орлох эх үүсвэр одоо ч байхгүй. Ийм нөхцөлд бүхэл бүтэн төвийн эрчим хүчний систем унах аюултай гэж ҮАБЗ-ийн ажлын хэсэг мэргэжлийн дүгнэлт гаргасан байгаа.
-Тэгэхээр 350 МВт-ыг 200 болгосон гэдэг нь таны хувийн шийдвэр байгаагүй гэсэн үг үү?
-Огт биш. Энэ бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэсэн шийдвэр. Тиймээс бид Хятадын талтай ярилцаад, 350 МВт-ын генераторыг 200–150 МВт-ын ачаалалтайгаар ажиллуулах тохиролцоонд хүрсэн. Үүнээс өөрөөр бол системийн аюулгүй байдлыг хангах боломжгүй байсан. Энд ямар ч “гацаалт” байгаагүй, харин эрсдэлийг бууруулсан мэргэжлийн зохицуулалт хийсэн явдал.
-Таныг “харлуулж байна” гэсэн ярианд та баримтаар хариулна гэдгээ хэлж байна. Энэ талаар тодруулбал?
-Харлуулна гэж байхгүй. Би зүгээр л баримтыг нь гаргаж тавиад л явна. Намайг Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан хоёр жил хагасын хугацаанд Улаанбаатар хот дулаахан өвөлжсөн. Үүн дээр маргах зүйл байхгүй. Түүнчлэн утаагүй өвөлжсөн. Манай яам шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, Улаанбаатар хотыг 20 жилийн турш зовоож байсан утааны асуудлыг бодитоор шийдсэн. Энэ бол үгээр бус, бодит үр дүнгээр нотлогдсон ажил. Утаа бууруулах чиглэлээр ажилласан хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот утаагүй, дулаахан өвөлжсөн. Гэтэл одоо үүнийг зориудаар гуйвуулж, хийсэн ажлыг үгүйсгэх оролдлого хийж байна. Гэхдээ бодит байдал өөр. Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсон, утаа бодитоор буурсан, иргэд өвөлдөө хөлдөөгүй. Энэ бүгд бол тоо баримт, бодит амьдрал дээр харагдсан үр дүн.
-Та сайдаар ажиллах хугацаандаа шинээр бий болгосон хүчин чадлуудын талаар дурдлаа. Яг ямар эх үүсвэрүүдийг эхлүүлсэн бэ?
-Миний ажилласан хугацаанд хэд хэдэн бодит нэмэлт хүчин чадлууд бий болсон. Тухайлбал, Дорнодын 50 МВт, Эрдэнэтийн 50 МВт, Дарханы 50 МВт. Ингэснээр дулааны цахилгаан станцуудаас нийт 150 МВт-ын нэмэлт хүчин чадал бий болсон. Мөн үүн дээр ДЦС-4 дээр 90 МВт-ын нэмэлт чадал, сэргээгдэх эрчим хүчний хүрээнд нар, салхины 120 МВт-ын хүчин чадал, Сонгинохайрханд 150 МВт цагийн батерей хуримтлуулалтын станц баригдсан. Ингээд нийтдээ 515 МВт-ын шинэ хүчин чадлыг манай яам бий болгосон байгаа. Эдгээр нэмэлт чадлуудын ачаар эрчим хүчний системийг 2024 он хүртэл аргалж барьж чадсан. Би 2020 онд ажлаа өгч байхдаа шууд хэлж байсан. Юу гэхээр “2024 оноос хойш хязгаарлалт зайлшгүй хийнэ шүү. Тэр хүртэл амжиж станцуудаа барь” гэж. Миний энэ үгийг олон хүн санаж байгаа байх. Би үүнийг сануулж, боломжит цагийг нь бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, хүндрэлийг хойшлуулж өгсөн гэсэн үг.
-Танаас хойш одоог хүртэл эрчим хүчний салбарт дорвитой шинэчлэлт, нэмэлт эх үүсвэр гэх мэт юу ч хийгдээгүй гэж та үзэж байна уу?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар, бидний үед Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцыг дэмжин эхлүүлж, Дөрөвдүгээр цахилгаан станцад шинэтгэл хийж 90 МВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлээгүй бол гал алдах байсан нь өнөөдөр тодорхой харагдаж байна. Дээр нь 150 МВт цагийн батерей хуримтлуурын станц, Сонгинод, Чойбалсан, Эрдэнэт, Дарханы стөнцуудад 50 МВт-ын өргөтгөлүүд хийж ашиглалтанд оруулсан нь болж. Нөгөөтэйгүүр би 2020 онд ажлаа өгсөн. Одоо харахад зургаан жил өнгөрсөн байна. Энэ зургаан жилийн хугацаанд хоёр ч цахилгаан станц барих бүрэн боломж байсан. Мөнгө, хугацаа, нөхцөл байдал бүгд байлаа. Гэтэл юу болсон бэ. Би ажлаа өгөөд “2024 он хүртэл аргалаад өглөө, түүнээс хойш хүндэрнэ” гэж хэлсэн маань яг бодит байдал дээрээ биелж байна. Харамсалтай нь одоо үүссэн хүндрэлийг далимдуулаад намайг гүтгэж, дайрч байна. Гэтэл үнэн нь бол дулаахан өвөл, утаагүй өвлийг улаанбаатарчуудад бодитоор бий болгож өгсөн хүмүүс нь бид. Харин өнөөдөр энэ хүндрэлийг ашиглаад Монгол орны гал голомт болсон цахилгаан станцуудыг хувьчилна гэж оролдож байгаа бол тэр нь бүтэхгүй.
-Хувьчлах асуудалд та шүүмжлэлтэй ханддаг. Хувьчлах асуудлыг зөв бодлогоор хийхгүй бол бас л бөөн хулгай, луйвар яригдаад эхэлсэн гэдэг нь үнэн үү?
-Би нэг л зүйлийг хэлж байгаа. Эд эрчим хүчний салбарыг туйлдуулж байгаад хувьчилна гэж байгаа бол чадахгүй. Би үүнийг эцэст нь тодорхой хэлье. Яаж ч дайрсан, яаж ч гүтгэсэн би эсэргүүцэх болно. Монголчууд өөрсдийн гал голомттойгоо, үндэсний эрчим хүчний системтэйгээ үлдэнэ. Энэ бол миний хэлэх гэсэн гол санаа.
-Тавантолгойн цахилгаан станцын саналыг тань Засгийн газар дэмжээгүй шалтгаан нь юу байсан бэ?
-Эхний удаад Засгийн газрын хуралдаан дээр “Үнэ хэт өндөр байна” гэдэг үндэслэлээр дэмжээгүй. 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй гэж яригдаж байсан. Ингээд “үнэтэй байна” гэдэг шалтгаанаар миний оруулсан саналыг буцаасан. Үүний дараа би дахин оролдлого хийсэн. Энэ удаа Монголын “Энержи ресурс”, “Хасу мегаватт” зэрэг дөрвөн компанийн консорциум байгуулж, монголчууд өөрсдөө концессоор барья гэсэн саналыг Засгийн газарт хоёр дахь удаагаа оруулсан. Энэ саналыг ч мөн Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй. Харин Засгийн газар “Төр өөрөө барина” гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, миний оруулсан саналыг өөрчилж, хувийн хэвшил, үндэсний консорциумыг оролцуулахгүйгээр төр өөрөө барина гэж шийдсэн гэсэн үг. Энэ бүхэн Засгийн газрын хуралдааны албан ёсны протоколд бий. Би хүсвэл гаргаад тавьж чадна. Би худал юм ярьдаггүй.
-Тэгэхээр Тавантолгойн станц яваагүй нь таны шийдвэр биш, Засгийн газрын бодлогын сонголт байсан гэж үү?
-Яг тийм. Миний зүгээс бол хоёр өөр хувилбарыг санал болгосон. Эхнийх нь Рио Тинтогоор бариулах, хоёр дахь нь Монголын үндэсний консорциумаар концессоор барих. Аль аль нь Засгийн газрын түвшинд дэмжигдээгүй. Харин “Төр өөрөө барина” гэж шийдсэн. Тийм байхад өнөөдөр намайг “гацаасан” гэж ярьж байгаа нь цэвэр хувийн өс хонзон, улс төрийн зорилготой гүтгэлэг. Худал зүйл эцэстээ үнэнд гүйцэгддэг. Намайг “гацаасан” гэдэг ганц ч баримт гаргаж ирж чаддаггүй. Хэрвээ ТЭЦ-5, Багануур, Тавантолгойн гурван станцын аль нэгийг гацаасан Эрчим хүчний сайдын тушаал, шийдвэртэй тийм баримт гаргаад ирвэл би УИХ-ын гишүүний ажлаа өгөхөд бэлэн байна. Гаргаж чадахгүй бол бусдыг ингэж гүтгэж болохгүй гэж хэлье.
-ДЦС-4-тэй холбоотой асуудлыг та тодорхой тайлбарлахгүй юу?
-ДЦС-4-ийн уурын цамхагийг хэн хийсэн бэ гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Эрчим хүчний салбарынхан өөрсдөө хийсэн. Өнөөдөр болтол ашиглалтад оруулаагүй л байна. Мөн ДЦС-4-ийн 100 МВт-ын өргөтгөл гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээр 80 МВт ч гаргаж чаддаггүй өргөтгөл хийсэн хүмүүс бий. Эд нар чинь бүгд эрчим хүчний салбар доторх бизнесийн бүлэглэлүүд. Ийм зүйлсийг хязгаарлахад, “Бизнесийг нь зогсоосон” гэж гомддог байхыг үгүйсгэхгүй. Энэ олон гүтгэлгийн цаана хэн байгааг нь мэдэж байна. Хэн захиалж байгааг нь ч мэдэж байна. Рио Тинтотой нийлж эрчим хүчний салбарт бизнес хийж байгаад, миний 2-3 жил сайдаар ажиллах хугацаанд бизнес нь зогсчихсон, тэрэндээ хорссон хүмүүс бий. Гэхдээ нэг л зүйлийг хэлье. Үнэн худлыг гүйцнэ. Үнэн баримтаар хамгаалагддаг, харин худал баримтаар нотлогддоггүй.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН







Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOW DOLOOJ80955877