Альтернетив Отгоо “нэг тийм дуучин байсан” гэж яригдахаас айдаг гэв
2014/08/07
"Альтернетив" урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Отгоог монголын рок попын хөгжим сонирхогчид дууг нь сонсох дуртай. "Нэгэн залуу", "Заримдаа л", "Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч", "Гитарын дуу", "Битvv орчлон намайг нээ", "Би ч үгүй" зэрэг хит дуугаараа олны танил болсон уран бүтээлч.
Түүнийг Альтернатив рок, поп урсгалыг Монголд оруулж ирсэн хамгийн анхны эмэгтэй дуучин гэж мэргэжлийнхэн үнэлдэг. Тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан. Учир нь гурван хүүхдийн ээж, халамжит гэрийн эзэгтэй болсон юм. Урлагтаа зургаан жилийн дараа буцаж ирэхдээ дуучин бүсгүй фэнүүддээ гурав дахь цомог болох “Chillout” авч ирсэн нь олон сонсогчдод таалагдаж байгаа биз ээ.
Дуучин Отгоо буюу Х.Отгончимэгээс "одоо уран бүтээлээ зогсолтгүй үргэлжлүүлнэ биз дээ" хэмээн асуухад, "Би дуучны амьдрал сонгосон юм чинь энэ бүхнээ орхихыг хүсээгүй. Боломжоороо өөрийнхөө уран бүтээлийг хувийн амьдралынхаа хажуугаар зохицуулахаас өөр аргагүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Уран бүтээлээ цалгардуулж болохгүй юм байна. “Аан нэг тийм дуучин байсан юм” гэж би яригдмааргүй байна шүү дээ. Тэр бол хайран шүү дээ. Энэ удаад гаргасан “Chill out” цомог бол “Ocean Grey” продкшны хөгжмүүд учраас миний оролцоо зөвхөн дуучныхаа хувиар л байсан. Би энэ удаад өөрийнхөө дуулахдаа л анхаарсан. Дуучин талаа барих нь надад амархан байсан. Мөн дуучин хүн юу хийж болох уу гээд өөрөө хоолойгоороо техник үзүүлэх, тодорхой хэмжээний өөрт байгаа зүйлсээ илүүтэй дайчлах боломж байсан гэж хэлж болно. Тэр ч утгаараа миний шинэ цомгийг сонссон хүмүүсээс “гоё” дуулсан гэсэн урмыг үгийг сонсож байгаа. Дараа дараагийн цомгууд маань мэдээж миний зохиосон дуу болон амьд хөгжмийн хамтлагт байдаг найз нарын маань зохиосон уран бүтээлүүдээс оруулна гэж бодож байгаа" гэжээ.
Д.Ана
Зочин · 2014/08/09
Зочин · 2014/08/08