Төв аймгийн цагдан хорих төвийн дэд дарга Т.Ганбаатарыг АТГ-т Ерөнхий сайдын талаар мэдэгдсэн, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, төрийн нууц задруулсан гэх мэтээр үндэслэн ажлаас нь чөлөөлөөд байгаа юм. Тэгвэл тэрбээр энэ бүхнийг эсэргүүцэж шүүхэд хандсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Түүний хувьд өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёрын Л.Гансүхтэй уулзах үеийг тэрбээр АТГ-т мэдүүлээгүй гэнэ. Харин ажилчид нь мэдээлсний дагуу АТГ-аас очиж бичлэг хийсэн хэмээн үзэж байгаа аж. Гэвч зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг Төв аймгийн цагдан хорих төвийг зорих үед АТГ аль хэдийнэ мэдчихсэн, уг цагдан хорих төвд өөрсдийн үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн байсан сурагтай. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчсөн үү эсвэл Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга Т.Ганбаатар хууль зөрчсөн үү гэсэн тээнэгэлзэл иргэдийн дунд буй болоод байна. Ямартай ч дархан эрхийнхээ дагуу Н.Алтанхуяг тушаал буулгаж Т.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ талаар хэвлэл мэдээллийнхэн өөр өөрийн байр сууриа илэрхийлэхээс гадна Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга “асан” Т.Ганбаатарыг олж уулзах гэж чамгүй хичээж байгаа бололтой.

 Баттай эх сурвалжаас сонсвол төрийн томчуудын уулзалт, учралыг олонд тараасан хэмээн буруутан болоод байгаа М.Ганбаатар хууль зөрчөөгүй гэсэн утгатай өргөдөл зохих газарт нь хүргүүлжээ. Тиймээс энэ хэрэг удахгүй шийдэгдэх буй за. Монголын төрийг жолоодогчид хууль зөрчиж болно. Харин тэдний эл үйлдлийг таслан зогсоож болохгүй гэсэн шийдвэр тогтоол одоохондоо байхгүй санагдах юм. Т.Ганбаатарын хувьд ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэдгийн үлгэрээр ихэс дээдсийг дураараа авирлаж төрийн тусгай хамгаалалттай бүсэд гэртээ байгаа мэт авирлаж ахлах зөвлөхтэйгээ уулзах нь зүйд нийцэхгүй нь мэдээж. 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг өнгөрсөн сарын 29-нд Авлигатай тэмцэх газраас саатуулж УИХ- ын гишүүн асан Л.Гансүхийг Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хориод байгаа. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зүйн сайдынхаа хамт ахлах зөвлөхөө эргэсэн. Гэвч энэ үйлдэл нь өөрөө төрийн нууцад хамаарах үйлдэл мөн үү гэдэг нь олны анхаарал татаад байгаа юм. Авлигатай тэмцэх газрын олон нийтэд дэлгэсэн энэхүү бичлэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр төр халдашгүй дархан байдалд халдсан гэж зарим нь үзэж байгаа. Мөн Төрийн тусгай хамгаалатын газраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын төрийн ёслолын болон албан ёсны арга хэмжээнд оролцохоос бусад тохиолдолд тэдний үйл хөдлөлийг баримтжуулах дүрс бичлэг хийхгүй байхыг орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна гэсэн тушаал байдаг аж.

 Гэхдээ энэхүү дүрэм журмыг Т.Ганбаатар зөрчөөгүйг олон үндэслээр харж тайлбарлаж болно гэж үзэх мэргэжилтнүүд байгаа юм. Үүний адил Ерөнхий сайд болон хууль зүйн сайд нарыг хэд хэдэн хууль зөрчиж Л.Гансүхтэй уулзсан гэж үзэж байгаа юм. Л.Гансүх нарыг авлигатай тэмцэх газраас нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, аж ахуйн нэгжийг худалдан авах хууль тогтоомжийг өөрсдийн албаны эрхээ эдлэн албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсын төрийн өмчит компианиас 2013-2014 онд 279 мянган тонн шигшиж ангилсан чанартай нүүрсийг нэг тонныг нь 27.500 төгрөгөөр авч ард иргэдэд 80 мянган төгрөгөөр худалдаж, их хэмжээний ашиг олж төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан. 

Мөн дээрх албан тушаалтануудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь олныг хардлага төрүүлэхэд хүргэж байгаа юм. Ийнхүү төрийн өмнө хүлээсэн үүрэг, эрхийнхээ дагуу үүрэгт ажлаа хийж явсан Т.Ганбаатар хошууч ажлаасаа чөлөөлөгдсөн нь монголчуудын төрд итгэх итгэл нэгээр суларч байгаа юм. Энгийн албан хаагч үүрэгт ажлаа хийж болохгүй болчихсон энэ цаг үед ард түмэн хэндээ итгэж амьдрах болж байгааг хэлэхэд хэцүү. Ямартаа ч Ерөнхий сайд нь айлын дураараа хүүхэд шиг авирлаж буйг Төрийн тэргүүн нь харж л суугаа байх. Цаашид Н.Алтанхуягийн даварсан эрхээс болж хичнээн хүн ажилгүй болохыг таахад хэцүү болоод байна.

В.Нэргүй