Дуут гэрлэн дохио Замын цагдаагийнхны бизнес...
2013/01/30
Замын цагдаагийн газраас өнгөрсөн 2012 онд 183 тээврийн хэрэгсэлд маяк буюу дуут гэрлэн дохио тавих зөвшөөрөл олгожээ.
Дээрх зөвшөөрлийг тээврийн хэрэгслийн тусгай дуут дохионд тавих стандарт болон Хууль зүйн сайдын 159 дүгээр тоот тушаалд үндэслэн тодорхой хүрээнд олгосон байна.
Уг стандарт, тушаалд дуут гэрлэн дохиог төрийн тусгай хамгаалалт, эмнэлэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр, хяналт шалгалт болон харуул хамгаалалтын газарт олгоно хэмээн заасан байдаг аж.
Ингэхдээ улаан цэнхэр өнгийн дуут гэрлэн дохиог төрийн тусгай хамгаалалт, цагдаа нарт, улааныг гал түймэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ногооныг эмнэлэг, түргэн тусламж, шар өнгийг харуул хамгаалалт, хяналт шалгалтын газруудад олгодог байна.
Одоогийн байдлаар ЗЦГ-аас дуут гэрлэн дохио байрлуулсан машинуудыг шалгаж, зөвшөөрөлгүйг нь хураан авч байгаа аж. Тэдний хэлж буйгаар нийслэлийн зургаан дүүргээс нийт 60 гаруй машины дуут гэрлэн дохиог хураасан гэнэ. Гэтэл манайд дуут гэрлэн дохиог олгодог ганцхан газар байдаг аж.
Тэр нь Замын цагдаагийн газрынхан өөрсдөө. Тэгэхээр эдгээр хураасан зөвшөөрөлгүй дуут гэрлэн дохионууд ямар замаар иргэд, байгууллагын гарт очив. Дуут гэрлэн дохио Замын цагдаагийнхны далд бизнес болчихсон юм биш биз гэх хар дагуулах болжээ.
Ингэж хардах үндэслэл ч бий. Учир нь, хэн дуртай нь дуут гэрлэн дохиотой машин унаж, хүссэн газраа саадгүй хүрдэг болоод удаж байна. Энгийн нэг яам, агентлагийн хурган дарга нар хүртэл дуут гэрлэн дохиотой тэрэг унаж, данхалздаг болсон.
Энэ нь ч үнэний ортой юм. Учир нь, сүүлийн үед төрийн тусгай хамгаалалт, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллагын хашаанд байх учиртай дуут гэрлэн дохиотой машинууд яам, агентлаг төдийгүй хотын захиргааны үүдэнд хүртэл хэд гурваараа зогсож харагдах болов.
Ганцхан жишээ дурдахад, энэ сарын 29-ний өдөр Хууль зүйн яамны үүдэнд 11:00-12:00 цагийн хооронд 0309 УБҮ дугаартай “Тоёота” маркийн “Ланд круизер 105”, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үүдэнд 0607 УБҮ дугаартай хар өнгийн “Ланд круизер 100”, УБҮ 0217, 0970, 0907 зэрэг улсын дугаартай “Соната 7” маркийн машинууд төрийн ордны хашаанд эзнээ хүлээгээд зогсож байсан.
Иргэдийг төөрөгдүүлж эмнэлэг, цагдаа, төр засгийнхны аль нь ч үл мэдэгдэх эдгээр дуут гэрлэн дохиотой машинуудын талаар ЗЦГ-ын Техник замын хяналтын хэлтсийн ахлагч, хошууч н.Батболдоос тодрууллаа.
-Замын цагдаагийн газраас зөвшөөрөлгүй тавьсан дуут гэрлэн дохиог хурааж байгаа гэж сонссон. Нийт хэчнээн дуут гэрлэн дохио хураав?
-Бид урьдчилсан байдлаар нэлээд хэдэн дуут гэрлэн дохио хураасан. Тодруулбал, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд л гэхэд 60 гаруй дуут гэрлэн дохио хураалаа.
-Ямар, ямар зөрчил илэрч байна?
-Ихэвчлэн дуут гэрлэн дохионых нь хугацаа дууссан, улмаар сунгалт хийлгүүлээгүй зэрэг зөрчилтэй байна. Мөн шар өнгийн дуут гэрлэн дохионы зөвшөөрөлтэй атлаа улаан, ногоон, цэнхэр өнгийн дуут гэрлэн дохиотой хөдөлгөөнд оролцож байх жишээтэй.
Үүнээс гадна дугаарын хязгаарлалттай холбогдуулан тухайн хязгаарлалтад машинаа оруулахгүйн тулд янз бүрийн зөөврийн жижиг дуут гэрлэн дохио хэрэглэж хөдөлгөөнд оролцдог байсан нь илэрсэн. Тэр ч бүү хэл дуут гэрлэн дохиог ямар ч зөвшөөрөлгүй хэрэглэж байна.
-Зөвшөөрөлгүй дуут гэрлэн дохио хэрэглэж байгаа газруудад захиргааны ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Бид дуут гэрлэн дохиог нь хураах болон Захирааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д заасны дагуу 5000 төгрөгөөр торгодог.
-Дуут гэрлэн дохиог зөвхөн Замын цагдаагийн газраас тусгай журмын дагуу олгодог гэдэг. Гэтэл зөрчилтэй дуут гэрлэн дохиог хаанаас, ямар аргаар аваад байна вэ?
-Шуудхан хэлэхэд, урд хөршөөс оруулж ирж байна. Дээр нь захуудын контейнерүүдэд зардаг болсон байна шүү дээ.
-Гэхдээ иргэдийн дунд арай өөр хардлага байна. Тухайлбал, хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь дуут гэрлэн дохиотой авто машин унадаг гэдэг ч юм уу?
-Иргэдийн дунд тийм ойлголт байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тодорхой журам, стандартын дагуу дуут гэрлэн дохиог олгодог.
-Тэгвэл жилд хэчнээн дуут гэрлэн дохиог олгодог гэсэн үг вэ?
-Бид дуут гэрлэн дохионд хязгаар тавьдаггүй. Учир нь, дуут гэрлэн дохио хэрэглэж буй бүх газар ард иргэдийн сайн сайхны төлөө байдаг. Тиймээс иргэдэд үйлчлэх үйлчилгээнд нь саад учруулах эрх бидэнд байхгүй. Улмаар дуут гэрлэн дохиог хүссэн хэмжээгээр нь олгодог гэж ойлгож болно.
Албаны хүн ийн өгүүлж байхад дуут гэрлэн дохиог төрийн тусгай хамгаалалт, эмнэлэг, цагдаа гээд тодорхой хүрээнд олгох стандарт болон Хууль зүйн сайдынх нь тушаал байна. Сайдын тушаал, стандарт журам нь байсаар атал хэн нэгний албан тушаал, хурган дарга нарын эрх ямбад тааруулж дуут гэрлэн дохиог олгож, тэд ч хотын төвөөр салхи татуулан давхиж байгааг хэрхэн үзвэл зохих вэ.
Тэгэхээр иргэдийн хардаж буй шиг Замын цагдаагийнхны далд бизнес үү. Эсвэл дураараа дургигчдын шоу юу. Манай сонины хөндсөн сэдвийн хариуг удахгүй Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбат олон нийтэд өгөх биз ээ.