Ардчилсан чөлөөт нийгмийн дараа хувийн их дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг олширсон. Нэг үе бүр 200 орчим дээд сургууль үйл ажиллагаа явуулж, нэг хүнд ноогдох дээд сургуулийн тоогоороо дэлхий толгой цохиж байлаа. Энэ олон сургууль зах зээлийн жамаар цөөрч одоо 110 болжээ.

Хэдийгээр цөөрсөн ч чанаргүй сургуулиуд амь бөхтэй оршсоор. Ирээдүйн боловсон хүчнүүдийг хохироосоор. Тиймээ Боловсрол шинжлэх ухааны яамнаас хатуу бодлого барьж их сургуулиуд цөөлөх сураг сонсогдож эхэллээ. Хамгийн нэгдүгээрт суралцагчийн тоонд анхаарч байгаа гэх. Өөрөөр хэлбэл цөөхөн оюутантай сургууль сургалтын орчин тааруу, багш боловсон хүчин муу байдаг нь хэн бүхний нүдэнд ил. Учир нь цөөхөн оюутнаас авсан сургалтын төлбөр урсгал зардалдаа дуусаад сургуулиа хөгжүүлэх боломж олддогүй байна.

Зарим эх сурвалжийн ярьж буйгаар яамны зүгээс 1000-с доош оюутантай сургуулиудыг татан буулгах бодлого барьж байгаа гэх. Ийнхүү яамны зүгээс шахалт ирсэн учраас цөөхөн суралцагчиддтай сургуулиуд хэрхэх вэ!!! Эдгээр сургуулийг өмнөх жилүүдэд төгссөн хүмүүсийн диплом хүчинтэй юу гэх мэт олон асуудал, олон хохирогч үүсэх магадлалтай байна.

Тиймээс шинээр сургуульд элсэгчид маань сургуулийнхаа түүх, оюутны тоог харгалзаж сонголт хийх нь зөв. Нэг сургуульд ороод сургалтын төлбөрөө төлчихөөд байж байтал татан буугдвал яана. Оюутнууд л хохирно. Төлсөн төлбөр нь эргэж олдохгүй. Олдсон ч цаг их үрнэ.

Ялгуун