Ерөнхий сайд яагаад худлаа хэлэхгүй байна вэ
2014/08/19
Эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн 100” хөтөлбөр хаалтаа хийгээд удаагүй байна. Энэ үеэр УИХ-д суудалтай болон суудалгүй нам, иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн 100 хоногийн хугацааг эргэн санагалзаж, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт хаягласан мэдэгдлийг ээлж дараалан түгээх боллоо.
Тун удахгүй УИХ дахь сөрөг хүчний зүгээс “Эзэн 100” хөтөлбөрт дүн тавина гэж айлгаад байгаа. Гэтэл Ерөнхий сайдын ивээл дор байгуулагдсан “Эдийн засгийн зөвлөл” мэдээлэл хийснийг эс тооцвол ерөнхийдөө нам гүм. Ёстой л дайны өмнөх нам гүм байдал гэдэг шиг их улс төрийн айсуй маргааны өмнө эрх баригчид үг дуугүй. Тун удахгүй улс төрийн амьдрал халуухан болох нь тодорхой байгаа. Эдийн засгийн уруудсан байдал, инфляцийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, валютын нөөц зэргээс шалтгаалж “Шинэ” Засгийн газар хуучин төрхөмдөө буцах магадлал тун өндөр байгаа. Тэр ч бүү хэл, АН- ын гишүүд ҮЗХ-гоо хуралдуулсангүй гэдэг шалтгаанаар Н.Алтанхуягаас намаа салгаж авах аян эхлүүлээд байгаа. Энэ ч яах вэ, ирэх намрын их улс төрийн өнгө, төрх... Харин энэ хэцүү цаг үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг яагаад чимээгүй байна вэ. “Эзэн 100 хөтөлбөр үр дүнгээ өглөө” гэж яагаад худлаа хэлэхгүй байна вэ. Уг нь, нийслэлийн захын авто замын уулзвар дээр очиж тууз хайчилж, дүүргийн худалдааны төвийн ажилтай биеэр очиж танилцдаг хүн энэ удаад гарцаагүй л урдын адил худлаа ярих ёстой доо. Өнгөрсөн оны сүүл сард л гэхэд “Энэ сард хамаагүй зүйл яривал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Тиймээс он гарангуут ханш өсгөсөн хүмүүсийн нэрийг зарлана” гэсэн сүржин мэдэгдлийг Төрийн ордноос хийж байв. Гэтэл нэгийн тоотой ногоон мөнгө 2000 төгрөгтэй хайнцах дөхөж байхад ам.долларын ханш өсгөсөн буруутанг “нууц” хэвээр нь хадгалж яваа.
Мөн өнгөрсөн тавдугаар сарын дундуур “Шатахууны үнэ хямдарч, өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжино” гэж хэлсэн. Гэтэл ам.долларыг тогтоон барьж чадаагүй түүний буруугаас болж, импортын үнэ гуравхан сарын дотор 20 орчим хувиар өсөв. “Чингис” бондыг гаргаж байх үед “Эдийн засагт нөлөө үзүүлэх том төслүүдээ санхүүжүүлнэ” хэмээн өдөр бүр ярьдаг байсан боловч одоогийн байдлаар “Оюутолгой”-г эргэлтэд оруулж, төмөр замаа шийдсэнгүй. “Үнэ тогворжуулах хөтөлбөр” гэдэг мэргэн санаа олсон тухай мөн л олон удаа ярьсан хэдий ч эцэст нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 40 орчим хувиар өсч, төдий чинээгээр төгрөгийн ханш унасан үзүүлэлттэй байна. Энэ мэт жишээ татаад байвал түүний худал хэлсэн үг мундахгүй олон. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Үнэ” хөөхөөр эрс шулуудсан тухайгаа удаа дараа дуулгаж байв. Тодруулбал, нүүрсний үнийн хөөсийг хөөж, бодит ханш тогтоохоор улайм цайм дайрсны эцэст АТГ-тай тулаан хийхэд хүргэв. 87 тэрбум төгрөгөөр нийслэлчүүдийг хямд мах идүүлж, 61 тэрбум төгрөгөөр гурилын доод үнийг өнө удаан хадгалах гэж хичээснийнх нь хүчинд “Атар” талхны үнэ аль хэдийнэ дөрвөн оронтой тоо даваад байгаа. Бүр нарийн яривал Н.Алтанхуягийн багийнхан нэг кг гурилыг 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж тооцсон. Гэвч 1000 төгрөг халааслаад дурын дэлгүүрээс кг гурил авдаг цаг түүх болон үлдсэн байна.
Энэ бүхний ард Н.Алтанхуяг сайд бас худлаа хэлсээр л байсан. “Биднийг ийм арга хэмжээ аваагүй бол шатахуун ч үгүй, шөл уух боломж ч үгүй байх байсан” гэх утгатай үгсээр хуурч өнгөрсөн нь мөн л нэг бус удаа. Гэвч одоо эргэн санахад “үнэ” хөөцөлдөж хоёр жил гаруй хугацааг бараад ямар ч амжилт олоогүй Н.Алтанхуягийн араншин ердөө л үнэгэн заль байжээ. Энэ байдлаас харахад уг нь, “Эзэн 100” хөтөлбөрийн ард заавал нэг зүйл хэлж, биеэ өмөөрөх ёстой юмсан. Даанч түүнд олон улсын санхүүгийн байгууллагын дүгнэлтүүд, эдийн засгийн өнөөгийн таагүй байдал, валютын ханшид хайчлуулсан иргэдийн амьдрал үнэгэн заль гаргах боломж өгөхгүй байгаа бололтой. Түүнээс биш 2011 оны эхний хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ний 53 хувьтай тэнцэж байсныг долоон хувь хүртэл дордуулчихаад, улсын төсөв нь алдагдалтай, төгрөгийн ханшийг босч ирэхэд бэрх болтол нь унагачихаад “МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээ тоохгүй зогсч чадсан.
Түүнчлэн улс орныг 2.4 тэрбум ам.долларын өрөнд хийчихээд дахин зээл авахад зориулж, “Өрийн удирдлагын тухай хууль” баталж өг гэж хүртэл шахан зогссон билээ. Харин энэ удаад түүнд эдийн засгийн хямралын бодит байдал хийгээд гадны улс орнуудын чухал дүгнэлтүүд ямар нэгэн боломж олгосонгүй. Хэдий ийм байв ч УИХ-ын Намрын чуулганаар “Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд бид гол гол хуулиудаа баталж амжлаа. Одоо цаашдаа сайхан цаг ирнэ” хэмээн хувиралгүй худал хэлнэ гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна.
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20