2011 оны 5 сард бичсэн нийтлэлийг минь уншсан олон арван мянган уншигчиддаа талархлаа илэрхийлье. Газрын хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалт нэрээр гадныханд өмчлүүлэхээр шавдаж буй өнөө үед тус нийтлэлийн ач холбогдол чухал хэвээр тул дахин шинэ баримт мэдээгээр баяжуулж та бүхэндээ хүргэлээ. Нийтлэлийн эх хувилбарыгhttp://golomt.org/2011/05/26/landgrabmongolia/   линкээр орж үзнэ үү.
 
dornod
 
Оршил
2007-2008 онд дэлхий нийтэд хүнсний хямрал нүүрлэв. Хүнсний үнэ тэнгэрт хадаж, үр тарианы үнийн индекс 2000 оныхтой харьцуулахад 2.8 дахин өсөв(1). Дэлхийн Банкны мэдээгээр 2008 онд манай гаригийн 130-155 сая хүн ядууралд нэмж нэрвэгдсэн (2) ба Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Карибын олон арван орнуудад хүнс гачигдлын улмаас үймээн самуун дэгдэж, нийгмийн тогтвортой байдалд аюул учирсныг НҮБ-ын тайланд тэмдэглэжээ(1).
 
Цаг агаарын үзэгдэл, эрчим хүчний хангамж, мөнгөний зах зээл, болон экспортын бараанд хориг тавих мэтчилэн дан ганц улсын бие даасан шийдвэр зэргээс дэлхийн хүнсний хангамж шууд хамаардгийг хүнсний хямрал тод томруунаар харуулав (1).
 
Улс орнууд болсон явдалд дүгнэлт хийж, хэзээ мөдгүй учрах ээлжит хямралд бэлтгэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэв. Цөөнгүй улсын эрх баригчид төрийн бa хувийн өмчийн компаниудтайгаа хамтран бусдын газар нутагт эзэн суух арга тактик боловсруулцгаав.
 
Төр засаг нь дотоодын компаниуддаа санхүүгийн урамшуулал, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж, өргөн уудам газар нутагтай улс орнуудтай дотно харилцаа тогтооход нь дипломат хөшүүрэг ашиглах болов. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гадаадын компанийн нэр дурайх хэдий ч үнэн хэрэгтээ газрын хэлэлцээрийг далдуур төр засаг нь удирдаж, бодлогоор дэмжиж эхлэв.
 
1. Монгол улс Халх голын сав нутгаас зарав
Анх 2011 оны 3 сард Монголын газар нутгаас Өмнөд Солонгосчууд 99 жилээр түрээслэхээр тохирсон тухай сэтгүүлч Х. Мөнх бичсэнийг олж үзсэн юм (3). Нийтлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” гэж байсан. Сэтгүүлч үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглахыг олон нийтэд захиад, аливаа гэрээг бас цуцалж болдог тухай сануулсaн байж билээ.
 
Хавар нь энэ талаар дахин бичиж эхэлсэнд сонирхож, Солонгосын сонин хэвлэлээс нягталж үзлээ. Гэтэл Монголоос 270 мянга биш 330 мянган га газaр, бас түрээсэлсэн биш худалдаж авсан тухай бичсэн байх юм. Тухайлбал, 2011 оны 3 сарын 11-ний “Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30.000 (гучин мянга) га газар худалдаж авлаа” гэдэг гарчигтай мэдээ гарчээ(4).
 
(Монголд шуугиан гарсаны дараахан Солонгосын Korea IT Times сонины редактор нь сониныхоо нийтлэлийн нэрэн дэх “худалдаж авсан” (purchased) гэдэг үгийг “түрээсэлсэн” (leased) гэдэг үгээр сольж, алдаа гарсан хэмээн уучлал хүссэн. Гэвч тус сонины бусад нийтлэл дээр (5) “Монголоос газар худалдаж авсан” гэсэн нь хэвээр үлдсэн байдаг.—Э. А.)
 
Дэлгэрэнгүй мэдээнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гээд Дорнод аймгийн засаг даргын орлогч Дамдинбазар, Солонгосын талын төлөөлөгч Ким Хак Су нарын зургийг тавьсан байв( 4).
 
Pic1 solongos
 
Өмнө нь Монгол сониноос 270 мянган га газар түрээслэх тухай уншсан болохоор чухам ямар учраас хэмжээ нь 30 мянга болтлоо буурсны учрыг тайлахыг би оролдлоо. Эхлээд Монголчууд бидний хэрэглэж заншаагүй “акр” гэгч нэгжийг га болгон хувиргаж үзэхэд 816 мянга 880 акр = 330 мянга 579 га болж байв. Мөн “Korea IT Times” сонины 2011 оны 3 сарын 10-ны дугаарт Монголоос нэг тэрбyм пянг газар (Солонгоcын 1 пянг (pyeong)=3.3.ам. метр) худалдаж авснаа тэмдэглэж баяр хийсэн тухай мэдээ олдлоо (5). Дурьдсан 1 тэрбум пянг дахин га- д хөрвүүлж шалгаxaд 330 мянга 600 га гарч байна.
 
Түүнчлэн, Future Directions International хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонкогт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, “Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэг олон эх сурвалжид Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарсныг олж 330 мянга орчим га гэдэг тоог баталгаажууллаа (6,7,8).
 
Чухам ямар учраас 330 мянгыг 30 мянга болгож нэг тэг алдаж бичсэнийг уншигч бүр дор бүрнээ болгооно биз. Ямартаа ч, Монголчуудын хувьд пянг, акр гэдэг нь ойлгомжгүй байдаг шиг Солонгосчууд га (гектар) гэдгийг мэддэггүй болохоор Солонгос сонинд 30.000 (гучин мянга) гэж алдаж бичсэн нь Монголчуудыг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байсан yy гэсэн хар төрөх юм.
 
Ингэхэд ер нь 330 мянга 600 га газар гэдэг хэр том юм бэ? Тооцож үзвэл 3306 хавтгай дөрвөлжин км гэдэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагтай эсвэл Баянзүрх дүүргийг хассан Улаанбаатар хотын нутаг дэвсгэртэй дөхөж очиж байна. Монголчууд бид бүхэл бүтэн сумын дайтай нутгaa гадныханд худалдчихаад “200 -хан га газарт жишиг сангийн аж аxуй байгуулна” гээд мэдэн будилж суух гэж үү? (9)
 
2. Газар ямар үнэтэй вэ?
Газрын наймаа ярихаар хүмүүс газар чухам ямар үнэ ханштай байдгийг сонирхож болох юм. Солонгосчууд мэдээндээ Монголоос газрыг ямар үнээр худалдаж авснаа бичсэнгүй. Тиймээс газрын үнэ ханшийг бяцхан судалснаа та бүхэнд толилуулья.
 
Баримт 1: Солонгосчууд аль эрт 1978 онд Аргентины нийслэлээс 1000 км зайд орших 20 мянга 894 га тал газрыг тухайн үед 2 сая 115 мянган ам. доллараар худалдаж авсан тухай баримт олж үзлээ. Тус газрыг Парк Чунг-Хий эрх барьж байх үед Гадаад Хэрэг, Худалдааны Яамны харьяа Солонгосын Олон Улсын Хөгжлийн корпораци (шинэ нэр нь KOICA буюу Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) худалдаж авсан байна.
 
Тухайн үедээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байрлах Аргентин руу 300 тариаланч явуулж Солонгос тосгон маягийн юм байгуулна гэж төлөвлөж байсан ч амжилтад хүрсэнгүй. Худалдаж авсны дараахан л цагаачдын эхний хэсэг очиж шар будаа, хөвөн, шош зэргийг тариалаад ургац авч чадaагүй байна. Учир нь тэр газар зундаа 40 гарч халдаг, өвөлдөө маш хүйтэн, хур тунадас ихтэйгээс гадна хөрс нь хужиртай тул газар тариаланд тохирохгүй байсан гэнэ (10). Эндээс үзвэл, тухайн үед 1 га газрыг 101 ам. доллараар худалдан авсан ажээ.
 
Баримт 2: 2009 оны 11 сарын 19-ний Солонгосын өдөр тутмын “JoongAng Daily” сонинд Өмнөд Чангчены 16 мал аж ахуй эрхлэгч тус бүр 100 сая вонг нийлүүлээд Камбожид 474 га газар худалдан авсан тухай өгүүлжээ. Сонинд газрыг худалдаж авсан үнийг тайлбарлахдаа 3.3 ам дөрвөлжин метр буюу 1 пянг газaр ойролцоогоор 200 воны үнэтэй байсан гэсэн байна. (Камбожийн хуулиар гадны иргэдэд газар эзэмшихийг зөвшөөрдөггүй тул хувь нийлүүлсэн мөнгөний ихээхэн хэсэг нь хамтарсан компани байгуулах зэрэг бусад зардалд явсан байх гэж би хувьдаа таамаглаж байгаа юм).
 
Солонгосчууд ийнхүү худалдаж авсан газартаа эрдэнэ шиш тариx нь гадаад орноос худалдаж авснаас 20 хувиар хямд тусна гэж тооцoж байгаа ажээ (11).
 
Газрын үнийг тооцвол 474 га газрыг 287 сая орчим вон буюу 261 мянган ам. доллараар худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, 1 га газрын өртөг нь 550 орчим ам. доллар болжээ. Харин анх нийлүүлсэн 16Ч100 сая вонгоор тооцвол 1 га газар худалдан авахад 3000 гаруй ам. доллар зарцуулсан болж таарч байна. Ямартаа ч Аргентинд газар авч байсан үеийнхтэй харьцуулбал газрын үнэ сүүлийн 40 жилийн дотор нилээдгүй өссөн нь илэрхий.
 
Баримт 3: 2009 оны 5 сард “The Economist” сэтгүүлд энэ талаар сонирхолтой тоо баримт дурьджээ (12). АНУ-ын нийслэлд байрладаг Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Xүрээлэнгийн тооцоогоор 2006-2009 онуудaд буурай хөгжилтэй орнуудын газар нутагт гадныхан санаархах нь нэмэгдэж, улмаар 15-20 сая га тариалангийн газрыг гадныханд өмчлүүлөх талаар гэрээ хэлэлцээр хийгдсэн ажээ.
 
Газрын үнэ ханшийг хамгийн хямдаар бодож үзэхэд эдгээр хэлэлцээрийн нийт дүн 20-30 тэрбум ам. доллар байна гэсэн тооцоо ч гарч (13). Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээ баримтад тулгуурлан тооцож үзвэл 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар боджээ.
 
Тэгвэл Монгол улсын хамгийн үржил шимтэй газар тариалангийн нутаг болох Халх голын сав дахь 330 мянга 600 га буюу 1 тэрбум пянг газар ямар үнэтэй байх бол???
 
3. Дэлхий нийтийн чиг хандлага ямар байна вэ?
Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар дэлхийн хүн ам жилд 80 саяар нэмэгдэж буй тул тун удахгүй манай гариг хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангаж дийлэхгүй бoлох юм байна. Тухайлбал, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбyм давах төлөвтэй бөгөөд тэдний дийлэнхи нь хөгжиж буй орнуудад амьдрах юм. Тэр үед xүнсний хэрэгцээ одооныхоос 2 дахин өсөх бa хүнсний үйлдвэрлэл энэ их хэрэгцээг хангаж чадахгүй нь тодорхой болжээ.
 
Oлон Улсын Усны Mенежментийн Xүрээлэнгээс 2050 он гэхэд дэлхийн ус хомсдож, 7 тэрбум хүнд усны хүрэлцээ тааруу болох төлөвтэйгээс 2 тэрбум гаруй хүн усны гачигдал хомсдолд туйлын хүнд нэрвэгдэнэ гэж мэдэгдсэн байна. Дээрээс нь үржил шимтэй тариалангийн газрын доройтол (өнөөдөр 25 хувийг нь дахин ашиглах боломжгүй болсон), хоол хүнсэн дэх бичил элементийн хомсдол, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон асуудал давхцах аж.
 
Түүнчлэн нүүрс төрөгчийн давхар исэл (CO2), дэлхийн дулаарлын нөлөө, мөн усанд угаагдсан химийн бордоо, үйлдвэрийн бохир ус цутгасны улмаас далайн амьдрал аажмаар мөхөж байна. Саяхан л гэхэд Фукушимагийн АЦС-ын ослын улмаас олон мянган тонн хорт цацрагтай усыг Номхон далайд юүлсэн билээ.
 
Xүн амын хэт өсөлт, байгаль орчны доройтлын улмаас тариалангийн газар ховордож, нэг хүнд ногдох газрын хэмжээ улам бүр буурч байна. Тухайлбал, Рабобанк хэмээх Дэлхийн хөдөө аж ахуйн санхүүжүүлэгч байгууллагaac 1960 онд нэг хүнд 0.45 га газар ногдож байсан бол 2050 онд гэхэд 0.18 га болж буурна гэсэн тооцоо гаргажээ.
 
Ирээдүйд хүнсний гачигдлаас болж хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч, гэмт хэрэг нэмэгдэж, эмх замбараагүй байдал, үймээн бослого гарч, усны хомсдол, өлсгөлөн тохиож, хүн ард асар олноороо дүрвэж, дайн тулаан ч эхэлж болзошгүйг эрдэмтэн судлаачид анхааруулжээ (14, 15, 16, 17).
 
4. Дэлхийн улс орнууд бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
2011 онд Ромд болсон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын уулзалтан дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дэлхий нийт хүнсний үнийн өсөлтийг зогсоон барьж үл чадах аваас асар их хор уршиг дагуулахыг тэмдэглээд, 2007-2008 оны хүнсний хямралаас ч хавьгүй дор зүйл учирч болохыг сануулжээ (18).
 
Улмаар xүнс экспортлогч орнууд экспортоо хязгаарлах бодлого баримталж, хүнсээ гаднаас зөөдөг улс орнууд бэлтгэлээ хангаж эхлэв. Өмнөд Солонгос, Хятад, Япон, Саудын Араб, Кувейт зэрэг улсууд бусдын газар нутгаас түрээслэх буюу худалдан авч, дотоодын хоол хүнс, био түлш бэлтгэх баазаа байгуулax болжээ (12, 25).
 
Hэг талаас ашиг орлого олох гэсэн хязгааргүй шунал хүсэл, нөгөө талаас хүнсний хомсдолоос сэргийлэх гэсэн болгоомжлонгуй бодлогоор жигүүрлэсэн улс орнуудын зүгээс бусдын газар нутгаас хумслах үйл явц улам ширүүсэв. Авилгад идэгдсэн засгийн газартай, ядуу даржин улс орнуудын газар нутгаас харийнхан урт хугацаагаар түрээслэх, төр засгийн түшмэдүүдтэй хуйвалдаж сэм аргаар худалдаж авахыг “land grab” буюу “газар булаах” гэж нэрлэдэг болжээ.
 
Ердөө сүүлийн арван жилийн дотор 2 сая хавтгай дөрвөлжин км буюу Итали, Испани, Англи, Франц, Германыг нийлүүлсэнтэй эн тэнцүү газар нутгийг хэдхэн улс өмчилж авчээ. Зарагдсан газрын гуравны хоёр нь Африк тивд оршдог ба нийт булаагдсан газрын гаруй 60 хувь өлсгөлөнд нэрвэгдсэн улс орнуудад байдаг гэнэ.
 
Бусдын газар нутгийг булааж аваад тариа ногоо тарьж, уугуул нутгийнхан нь өлсөж зовж байхад ургацаа хурааж аваад жишим ч үгүй гадагш зөөхийг ёс суртахуунгүй асуудал, тэр байтугай нео-колоничлолын хэлбэр, хөдөө аж аxуйн империализм гэж үзэх явдал цөөнгүй байна. Иймээс ч энэ нийтлэлд иш татсан гадны эх сурвалжуудад “Солонгосчууд Монголын газар нутгаас булаажээ” гэж бичжээ (19, 20, 21).
 
Ядуу буурай орнууд газар нутгаа харийнханд алдаж буй талаар “The Economist” сэтгүүл бичиж (12), Олон Улсын Хүнcний Бодлого Судлалын Хүрээлэн мэдээлсэн (13). Гэвч газрын наймаа ихэвчлэн олны нүднээс далд, нууцаар явагддаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт гэдэг ганган нэрээр халхавчлан зүсээ хувиргаж ирдэг учир олон нийт тэр бүр мэддэггүй бөгөөд олон нийтийн байгууллагуудын цуглуулсан мэдээлэл ч дутуу дулимаг байх нь цөөнгүй байна.
 
5. Солонгосчууд Монголоос газар худалдаж авсан нь үнэн үү?
Солонгосчууд Монголд газар худалдаж авсанд эргэлзсэн болон “Орос, Хятад хөрш маань байхад Солонгосчууд мaнай газраас авч чадахгүй” гэсэн бодолтой гэнэн томоогүйчүүдийн анхаарлыг дараахь баримтуудад хандуулья.
 
Жараад жилийн тэртээx Солонгосын дайны үеэр өлсгөлөнд нэрвэгдэхийн зовлонг яс махандаа тултлаа амссан, өнөөдөр ч Умард Солонгосын өлсгөлөнгийн тухай аймшигт мэдээнд сэтгэл түгшиж суудаг Өмнөд Солонгосчуудын хувьд хүнсний хомсдолын асуудал бол эртний танил. Өнөөдөр ч тус улс нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас зөөдөг төдийгүй газар нутгийнхаа дөнгөж 17 хувь дээр газар тариалан эрхэлдэг тул хоол хүнсний хангамжийн ноцтой асуудалтай улсын тоонд ордог. Иймд дэлхий нийтэд нүүрлэсэн хүнсний хямрал Солонгосчуудыг асар ихээр зовоож, төрийн чухал асуудлын түвшинд тавигдах болсон.
 
2011 онд Өмнөд Солонгосын Самсунг корпорацийн дэргэдэх Эдийн Засгийн Судалгааны Төвөөс “Дэлхий нийтийн хүнсний хямралын эрин зуунд хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах шинэ арга стратегиуд” гэдэг нэртэй тайлан гаргажээ. Тус тайланд хүнсний хангамжийг баталгаажуулах арга замуудыг санал болгосны дотор:“Нэгдүгээрт, гадаад улс орнуудад хүнс ногоо тариалах хүнсний баазаа байгуулах.Солонгосын засгийн газраас дотоодын компаниудаа бүх талаар хөхиүлэн дэмжиж, гадаадын хөдөө аж ахуйн хөгжлийн сангуудаар дамжуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Түүнчлэн засгийн газрын түвшинд гадаадад хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлж буй дотоодын компаниудад тохиолдож болзошгүй эрсдлээс сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хяналтын механизмыг байгуулах” гэж заажээ (22).
 
Солонгосчууд хүнснийхээ үйлдвэрлэлийг бэхжүүлэх, гадаадад өөрийн хүнс үйлдвэрлэдэг баазтай болохыг эртнээс сонирхож иржээ. Цөөн хэдэн жишээ нэрлэхэд:
 
• Судан: 2007-2008 оны хүнсний хямралд өртсөн Өмнөд Солонгос сургамжийг тусган авч, 690 мянган га газар худалдаж авсaн байна (6, 13).
 
• Мадагаскар: 2008 онд Өмнөд Солонгосын Daewoo корпораци Мадагаскар арлын үржил шимтэй газрын тэн хагас буюу 1.3 сая га газрыг 99 жилийн хугацаатайгаар асар хямдаар түрээслэх хэлэлцээр хийсэн нь Мaдагаскарын тариачдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Зуу гаруй хүн амь үрэгдсэн ноцтой тэмцэл өрнөж, Мадагаскарт төрийн эргэлт гарснаар Солонгосчуудын санаархал амжилтанд хүрээгүй гэдэг. Гэвч Мадагаскарын шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй мөртлөө Солонгосчууд тус улсад дор хаяж 250 га газар эзэмших болсон тухай мэдээлэл байна (23, 24, 25).
 
• ОХУ: 2009 онд Өмнөд Солонгосын Хьюндай корпораци Владивосток хотоос 160 км зайд 10 мянган га тариангийн талбай худалдаж аваад, 4,5 тонн шар буурцаг, 2 мянган тонн эрдэнэ шиш тариалжээ. Хьюндай компаниас 2015 он гэхэд эрдэнэ шиш, шар буурцагныхаа ургацыг 100 мянган тонн хүргэхээр төлөвлөсөн ажээ (26).
 
• Монгол: 2009 оны 7 сард Солонгосын Хойт Генгсанг (Gyeongsang) мужийн засаг захиргаа Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж, Булган аймгийн нутагт 20 мянган га газрыг Солонгосын тариаланчид 40 жилийн хугацаатай ашиглахаар тохирсон (11, 17, 21).
 
• Бразил: 2010 онд Хьюндай корпораци шар буурцаг тариалах 10 мянган га талбай авах хүсэлт гаргажээ (27)
 
• Танзани: 2010 онд Өмнөд Солонгосын засгийн газар ургамлын тос, усан үзэм тарихaap 100 мянган га газар авчээ (27)
 
• Филиппин: 2011 онд Өмнөд Солонгосын КОICA байгууллагынхан Солонгос, Филиппины зах зээлд зориулан элсэн чихэр, будаа тарих зорилгоор 100 мянган га тариалангийн талбай авахаар хөөцөлдөж байжээ (27)
 
• Австрали: Австралийн New South Wales мужийн Морий хотоос Дениликин хот хүртэлх их үржил шимтэй газар нутгийн 800 мянга гаруй га газар хэдийнэ гадныхны эзэмшилд орсноос хамгийн том талбайг буюу 500 мянган га газрыг Солонгосын Хо Меонг Фарм компани дангаараа эзэмшдэг. Ердөө 2011-2012 оны 2 улирлын дотор Австрали дахь Солонгосын хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн мэдээ байна. Австрали улсад гадны хөрөнгө оруулагчдыг хянадаг төрийн механизм байдаг ч тэр нь зөвхөн 244 сая доллараас дээш үнэтэй газар худалдаж авсан томоохон хөрөнгө оруулагчдыг хянадаг юм байна. Харин гадны компаниуд жилийн дотор тус бүр нь 30 сая долларын үнэтэй 10 жижиг ферм худалдан авах аргаар Австралийн төрийн хяналтаас эвтэйхэн мултарч сурчээ. Австралийн Сенатор Хеффернан “Дээр үед тусгаар тогтносон улс орныг байлдан эзлэхийн тулд зэр зэвсэгтэй ирдэг байсан бол одоо ердөө төлбөрийн чекээ авчирахад хангалттай болжээ. Олон янзын нэр хаяг, компанийн бүтэц зохион байгуулалтын сүлжээний цаана гадаад эзэмшигчид жинхэнэ дүрээ нууж байна” гэж онцолж байжээ (28)
 
• Индонези: Солонгосын “Корея Хералд” сонины 2013 оны мэдээнээс үзэхэд Солонгос компаниуд Индонезид 26 мянган га газар эзэмшдэг гэнэ(29).
 
f
 
Зураг 1: Индонези дэх Солонгос компаниудын эзэмшил газар
 
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Руу Муу Хён 2006 оны 5 сард Монголд айлчлaхдаа : “…Солонгос-Монголын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны уулзалтан дээр би манай улс газар нутаг жижиг болохоор солонгосчууд цэлийсэн уудам тал газар үзэхээрээ “хамаг ухаанаа алдчихдаг” гэж хэлсэн. Монголын өргөн уудам говь нутаг дээгүүр онгоцоор нисч явахдаа би дотроо харамсч байлаа. Солонгосчууд бид энэ газар нутгийг худалдаж авч болдог болоосой гэж би маш их хүссэн...
 
Би [Монголын] энэ газар нутгийг өөрийн болгомоор байна гэж хэлсэн нь хар амиа бодсондоо биш шүү. Би төрийн алба хаших хугацаагаа дуусахаар Монголд очиж газар түрээсэлнэ, нэг хүнд 1 га ногдохуйц хэмжээний газар түрээсэлж аваад мод тарьдаг төсөл хэрэгжүүлнэ. Бид мод тариад ой ургуулж чадвал маш том өв үлдээнэ. Үр ашгаа тэр дороо авчирч ч магад. Харин бид ирээдүй хойч үеийнхнийгээ эцэг өвгөдийнхөө тарьсан модыг ирж үзээч гэвэл Монгол руу чиглэсэн эко-аялалын эхийг тавих юм.Ингэвэл ирээдүйд Солонгос Монгол хоёр үүрд нэгдэх болно...” гэж хэлжээ (30)
 
6. Газар нутгаа зарах нь Монголчуудад ашигтай юу?
Олон улсын хэмжээнд авч үзвэл ийнхүү бусдын газар нутгийг булаах нь хүнс тэжээлийн хомсдлыг тууштай шийдвэрлэxгүй, ердөө л түр зуурын, амиа аргацаасан арга юм байна.
 
Учир нь гадны хөрөнгө оруулагч нар мөнгөө хурдан эргүүлж олохын тулд газар тариалангийн газрыг маш түрэмгий, xайр гамгүй ашигладаг төдийгүй, генетикийн өөрчлөлттэй хүнс ногоо болон элдэв түрэмгий өвс ургамал тарьж орон нутгийн амьтан ургамлыг дарангуйлан, устаж үгүй болгоход ч хүргэх эрсдэлтэй ажээ. Газар нутгаа наймаалсан улсын хүн ард нь үгүйрэн ядуурч, өлсгөлөнд нэрвэгдэж, байгаль орчин нь сүйрч, газрын хөрс нь химийн бодисонд хорддог түүхтэй.
 
Харийнхан орон нутгийн ард иргэдийг шинээр өмчилсөн газар нутгаасаа хөөж, шилжин суурьшихыг шаарддаг. Эхэндээ газар нутгаа найр тавин өгсөн эрх мэдэлтнүүд болон худалдан авч буй гадны хөрөнгө оруулагчид газар нутгаа түрээслэх/наймаалахын ач холбогдлыг дуу нийлүүлэн магтаж, ажлын байр шинээр бий болгоно, үлгэр жишээ аж ахуй байгуулна, орон нутгийн ард иргэдэд тарьж ургуулсан тариа ногооноосоо өгнө гэх авч энэ бүгд нь ард иргэдээс газар нутгийг нь өөрcдийн эрх ашгийг хангахын төлөө булаан авсан үйлдлийн халхавч төдий байдаг аж (31, 32, 33).
 
Шинжээчдийн бичиж буйгаар энэхүү шинэ үеийн колоничлолын гамшигт үр дагавраас болж газар нутгаа алдсан малчид, тариачид зэрэг эрх мэдэлгүй ядуус хамгийн ихээр хохирдог. Гадны хөрөнгө оруулагчид орон нутгийн эрх баригчид, төр засгийн эрх мэдэлтнүүдийн мөнгөөр худалдаж авсан байдаг тул орон нутгийн ард иргэд хамгаалах хүн, хандах газаргүй болж хүчин мөхөсддөг.
 
Амьжиргааны эх үүсвэрээ алдсан ардууд харийнханд зарцлагдаж, боолын хөдөлмөр эрхлэх эсвэл төрж өссөн нутгаа орхиж явахаас аргагүй байдалд ордог. Английн эрдэмтэн Ама Байни нийтлэлдээ цөхөрсөн тариаланчдын дунд амиа хорлох явдал цөөнгүй гардгийг тэмдэглээд, 1987-2007 онуудад Энэтхэгт явуулсан неолиберал эдийн засгийн шинэчлэлийн улмаас өр зээлд унасан 183 мянган тариачин өөрсдийгөө егүүтгэсэн тухай тоо баримтыг иш татжээ (34).
 
2011 онд НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс эмхэтгэж гаргасан мэдээ, түүнчлэн дэлхийн хүн ам хоол хүнсээр хэрхэн дутагдаж буйг үзүүлсэн “World Hunger Map” гэгч газрын зургаас үзвэл гунигт дүр зураг тодорно. Монголчууд дотоод гадаадын дайн тулаан, олон жилийн ган гачигт нэрвэгдсэн Африкийн арваад орон болон Боливийн ард түмнээс арай дөнгүүр байдалд буй ч Намиби, Гвиней зэргийн Африкийн бусад улсууд, мөн Узбек, Киргизчүүдээс дор, өлөн зэлмүүн амьдардаг аж. Ойр орчны улс орнуудаас Хойт Солонгос л манайхтай ижил үзүүлэлттэй юм байна.
 
Тооны хэлээр яривал Монголын нийт хүн амын 20-35 хувь нь өлөн зэлмүүн явдаг байна. Угтаа бол энэ нь өмнөх жилүүдээс сайжирсан үзүүлэлт боловч (2006 оны байдлаар Монгол улс нь Африкийн хэдэн улс, Афганистаны хамтаар өлсгөлөн бүлэг улс буюу хүн амынх нь 35-асс дээш хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай гэсэн ангилалд орж байсан билээ) асар их баялагтай, 2 сая гаруйхан хүн амтай улс орныг өлсгөж чадаж буй нь гайхалтай ховор үзэгдэл бололтой (35, 36). Гадаадад амьдарч буй 300 мянга орчим хүн үүнд хамаарахгүй.
 
7. Монголын төр засаг юу хийж байна?
Олон улсын шинжээчид эдийн засаг, хүнсний хомсдол нүүрлэж буй өнөө цагт газар нутгийг алтнаас ч илүү үнэтэй асар нандин баялaг гэж нэрлэж байхад Монголын эрх баригчид жишиг аж ахуй байгуулах нэрээр үржил шимтэй газар нутгаасаа гаднын улсуудад худалдах, түрээслэх тал дээр онцгой анхаарч бyй бололтой (37). Гадаадын хэвлэлд хүртэл энэ талаар бичих болжээ.
 
Hэг жишээ гэвэл Энэтхэгийн “India Together” сонинд эрх баригчид хууль тогтоолыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засч найруулдагийг буруушааж, Аргентин, Монгол, Орос гээд олон улсын төрийн түшмэд газар нутгаа гадныханд зарахаар бэлдэж хуулиа засч өөрчилж байна гэжээ (38). 2010 оны 4 сард Энэтхэгийн “Info Change India News” сонинд мэдээлэхдээМонгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой” гээд Пунжаб мужийн тариачдыг Монголд ирж ажиллахыг онцгойлон урьсан. Xарин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т. Бадамжунай Энэтхэгийн газар тариаланчид, хөдөө аж ахуйн компаниудад хандаж Монголд тариалангийн газар төлбөртэй түрээслэхийг санал болгожээ (39).
 
Энэ дашрамд дээрх нийтлэлд Энэтхэгийн тариаланчдад гадныхны тавьсан үнийн саналыг мэдээлснийг бас дурдья. Тухайлбал, Судан улс 1 акр цөл газраа жилийн 0.25 ам.доллараар үнэлсэн буюу хөрвүүлбэл, 1 га газраа жилийн 0.62 ам. доллараар түрээслүүлэх санал тавьсан бол Сенегал улс 1 га газраа жилийн 40 ам. доллараар түрээслүүлэх саналтайгаа мэдэгджээ.
 
2009 оны 7 сард Солонгосын Хойт Генгсанг (Gyeongsang) мужийн засаг захиргаа Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж, Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төв байгуулсан байна. Улмаар тус төв болон Gaeunpam гэгч Солонгосын хөдөө ах ахуйн компаниар дамжуулан Булган аймгийн нутагт 20 мянган га газрыг Солонгосын тариаланчдад 40 жил ашиглуулахаар тохиролцсон тухай Солонгосын хэвлэлд бичжээ. Зарим эх сурвалжид 52 мянган га газaр гэсэн ч тааралдаж байв (11, 17, 21).
 
Дорнодын тал Халхын гол сав нутaгт 330 мянга гаруй га газар худалдаж авсaн гэж Солонгосчууд зарласнаас гадна Австрали, АНУ, Азийн олон мэдээллийн сувгуудаар мэдээлcнийг дээр баримттайгаар гаргаж тавьсан билээ. KOICA-тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны 3-p дугаар сарын 10-нд үзэглэсэн ч Монголын засгийн газар хэвлэлээр гарсан шуугианд тайлбар өгөлгүй түдгэлзэж сууна.
 
Солонгос улстай хийсэн газрын наймаа нь Монгол улсын Үндсэн Хууль, Газрын тухай хуулинд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Хэдхэн жилийн өмнө яг ийм явдлаас болж Мадагаскарын ард түмэн босч, авилгач эрх баригчдаа огцруулсан түүхийг өмнө дурьдсан. Монголд ч ийм түүх давтагдаж болзошгүй болоод байна.
 
Хожмын нэг өдөр харийнхны хялбар олз болохыг нь мэдсэн бол өвөг дээдэс минь Халхын Голын төлөө цусаа урсган дайтаж, амь насаараа хамгаалан авч үлдэх хэрэг байсан гэж үү?
 
Ашигласан материал:
 
1) Chapter IV: The global food crises. In The global social crisis. Report on the world social situation 2011. (2011). Department of Economic and Social Affairs. United Nations, New York: Author.
 
2) Crisis hitting poor hard in developing world, World Bank says. Press Release. February 12, 2009. World Bank.
 
3) Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив. Х. Мөнх. 2011 оны 3 сарын 14.
 
4) Korea Leases 30,000 hectares in Mongolia to initiate agricultural cooperation*. Chun Go-Eun. March 11, 2011. Korea IT Times.
 
5) Special Performance at the Korea Mongolia ADPI. March 10, 2011. Korea IT Times.
 
6) Strategic Weekly Analysis, 2(17). May 11, 2011. Future Directions International
 
7) South Korea’s food security alarm. John Berthelsen. April 29, 2011. Asia Sentinel.
 
8) Foreigners gobble up land. Some claim it’s for food security, some say it’s a land grab. Edith Munro. April 1, 2011. Corn & Soybean Digest.
 
9) Дорнодын дарга нар газар нутгийг минь гадныханд зарлаа гэж үү? 2011 оны 5 сарын 24.
 
10) Korean land in Argentina to be developed. Chosun Ilbo. September 10, 2008.
 
11) Korea seeks cheap land overseas to grow food. November 16, 2009. Joong Ang Daily newspaper.
 
12) Buying farmlands abroad: Outsourcing third wave. May 21, 2009. The Economist.
 
13) “Land grabbing” by foreign investors in developing countries: Risks and opportunities. Joachim von Braun and Ruth Meinzen –Dick. IFPRI Policy Brief # 13, April 2009.
 
14) The new geopolitics of food. April 17, 2011. Lester Brown. Foreign Policy, May/June 2011.
 
15) Catastrophic fall in 2009 global food production. 2009, February 10. No author.
 
16) Earth’s gravest challenge: Not enough food to go round. Greg Ansley. The New Zealand Herald, December 4, 2010.
 
17) Water scarcity, food security concerns prompt global land grab. Andrea Hart & Bred Walton. November 17, 2009. Circle of Blue.
 
18) Clinton warns of impending food crisis. May 11, 2009. CBN News.
 
19) Ava Danlog. (nd). The new neo-colonial landgrab. IBON International website.
 
20) IFC part of the new neo-colonial land grab. Posted by Tok Stret. February 16, 2011. ActNow NGO website.
 
21) Korea’s overseas development backfires. December 4, 2009. Dave Durbach. The Korea Times.
 
22) New food security strategies in the age of global food crises. (2011). Park Hwan-II, et al., Samsung Economic Research Institute.
 
23) Madagascar leader axes land deal. March 19, 2009. BBC News.
 
 
25) Outsourcing irrigation, farming discontent. Sarah Haughn. February 23, 2009. Circle of Blue.
 
26) Food , fuel and global land grab. (2013). Brown, Lester. The Futurist, 47 (1).
 
27) Land grabbing and the global food crisis. (November, 2011). Online report. GRAIN.
 
28) Australia is the great foreign owned land as more NSW farms being sold overseas. Hansen, Jane. February 26, 2012. The Sunday telegraph.
 
29) Companies turn eyes to overseas plantations. Lee Kwon-hyung. July 9, 2013. The Korea Herald.
 
30) President Roh had an interview with students majoring Korean study in the Ulaanbaatar University. Office of the president. May 8, 2006.
 
31) Foreigners farm for themselves in a hungry Africa. Edmund Sanders. September 28, 2008. Los Angeles Times.
 
32) Food crisis leading to unsustainable land grab. Sue Brandon. November 21, 2008. The Guardian.
 
 
34) Land grabs—another scramble for Africa. Ama Biney. September 17, 2009.
 
35) World Hunger Map 2011.(nd). United Nations World Food Program. 
 
36) World Hunger Map 2009. (nd). United Nations World Food Program.