Цахимаар газар өмчлөх эрхтэй болсон иргэд бямба гарагийг дуустал өргөдлөө өгөөрэй
2014/08/25
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж 08-р сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон. Түүнээс хойш сонгогдсон иргэд харъяа дүүрэгтээ хандсаар байгаа юм. Цахим системээр сонгогдсон ч харъяа дүүрэгтэй хандаж амжаагүй иргэд хугацаа дуусахаас өмнө өргөдлөө харъяа дүүрэгтээ өгөхгүй бол сонгогдсон эрхийг хүчингүйд тооцох болно гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна. Тиймээс НӨХГ-ын дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба энэ долоо хоногийн хагасайн өдөр буюу 29-нийг дуустал өргөдөл хүлээн авахаар боллоо.
Сонгогдсон ч өөрийн биеэр ирж амжихгүй буюу гадаад, дотоодруу явсан иргэд өөрийгөө төлөөлж чадхуйц хүнээр өргөдлөө хүргүүлэх бүрэн боломжтой.
СХД-ийн Соёондын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд Хан-уул соёлын ордонд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд Чулуун овоонд байрлах иргэний танхимд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт очиж өргөдлөө өгнө.
Сонгогдсон иргэд харъяа дүүрэгтээ өргөдлөө өгөх гэж очихдоо иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний эх хувь, нотариатаар батлуулсан хуулбарын хамт авч ирнэ.
Харин Улаанбаатар хотын төвд амьдардаг боловч Багануур дүүргийн байршилд сонгогдсон иргэд ХУД-ийн соёлын ордон, Багахангай дүүргийн байршилд сонгогдсон иргэд БЗД-ийн иргэний танхимд тус өргөдлөө өгөх боломжтой юм байна. Дээрх 5-н байршилд сонгогдож амжаагүй үлдсэн иргэд дараа дараагийн шатны зарлагдах байршлуудад сонголт хийх боломжтой