Шинэчлэлийн Засгийн газар 2012 оноос эхлэн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөр нь эхэлсэн цагаас олны хэл амыг дагуулж байсан. Эцэстээ Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх уг хөтөлбөрөөс мөнгө идэж, уусан хэмээн Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа.  

"Нүүрс" хөтөлбөр хэрэгжиж хэлсэнээрээ 1 тонн нүүрсийг 80 мянган төгрөг, 40 килограммын шуудай нүүрс 3200 төгрөг болж гэр хорооллын иргэдэд бодит үр дүнгээ өгсөн ажил байсан гэж гэр хороололд амьдардаг иргэдийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлэл хийх болсон гол шалтгаан нь "Нүүрс" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар хариулт өгөхийг "Шинэ Зуун" ТББ-ынхан Засгийн газар болон АТГ-аас шаардаж байгаа юм. Тэд "Нүүрс" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн үзэж буйгаа хэллээ. 

Хамгийн гол нь нүүрс борлуулагчаар нийслэлийн хэмжээнд 170 гаруй хүн ажилладаг байж. Тэднээс цөөнгүй нь насаар ялгаварлагдан ажилд орж чаддаггүй иргэд хэмээгддэг 40 дээш насных нь ажилтай, орлоготой амьдарч байжээ. Тэд жолооч, ачигчаар ажиллаад л сард 900 мянган төгрөгийн цалин авч өрх гэрээ авч явдаг байсан талаараа энэ үеэр учирлаж байлаа.

"Шинэ Зуун" ТББ-ын тэргүүн н.Алтантуяа: "Энэхүү нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гэрийн хорооллын иргэдэд маш их хэрэгтэй байсан. 2010 онд бол 1 тонн нүүрсийг 150-180 мянган төгрөгөөр  худалдаж авдаг байсан. Харин энэхүү хөтөлбөр хэрэгжснээр билд нарт шигшээд, савалсан нүүрсийг худалдаж авдаг болсон. Өмнө нь бид нар ийм нүүрсийг авч байгаагүй. Жишээ нь гэхэд, би 40 жил гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдарч байгаа 270 мянган өрх байж байна. Энэ өрхүүд бол нүүрсээ түлнэ. Ингээд өнөөдөр манай төрийн бус байгууллага нүүрс хөтөлбөрт ажиллаж байсан хүмүүс манайд хүсэлт гаргасан. Үнэн бодит ямар нэг байдлаар улстөржихгүйгээр, сенсааци дэгдээхгүйгээр иргэд бид нар дуу хоолойгоо нэгтгэн мэдээлж байна" гэсэн юм. 

Нүүрс хөтөлбөр хэрэгжсэнээр 40 дээш насны 700 орчим иргэд ажилтай болж, дундажаас дээгүүр цалин авдаг байснаа учирлаж байна. Тиймээс энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн онцлон хэллээ. 

Нүүрс борлуулагч Болормаа: "Энэ нүүрс хөтөлбөр бол ард иргэдэд өгөөжөө өгсөн, хүртээмжтэй ажил байсан. Үүнийг бол ард иргэд бүгд хүлээн зөвшөөрдөг. Бид нар 900 мянган төгрөгийн цалин авдаг. Одоо энэ ажил цаашаа үргэлжлэх үгүй нь тодорхойгүй олон янзын мэдээлэл их цацагдаж байна. Хурдан ажлаа эхэлмээр байна. Цаашаа энэхүү төсөл нь хэрэгжих үү, Бид үүний хариуг зөв шийдэхгүй бол цаашдаа тэмцлийн өөр хэлбэрт шилжиж дараагийн арга хэмжээгээ явуулна. Үүнийг ч олон иргэд хүсч байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Нүүрс борлуулагч В.Сувдаа "Би борлуулагчаар ажиллаад 2 жил болж байна. “Нүүрс" хөтөлбөр өгөөжөө өгсөн гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ жил хэрэглээ нь илүү нэмэгдсэн. Танай нүүрс хямд, арвин, хоггүй байдаг гээд сураглаад ирдэг болсон байсан.  Нэг шуудай нь 3200 төгрөгийн үнэтэй, 1600 төгрөгөөр үнэлэгддэг нүүрстэй жишихэд үнэ нь хоёр дахин их ч гэлээ хэмжээ нь их. Дулаахан өвөлжлөө л гэж иргэд ам сайтай байдаг. Тээвэрлэж ирсэн нүүрсийг хүлээж авна, шигшиж шуудайлна. Хэн, хэндээ хэрэгтэй хөтөлбөрийг энэ жил дахиад үргэлжлүүлмээр л байна. Бидэнд сарын 900 мянган төгрөгийг төлөх газар хаа ч байхгүй.

Нүүрс борлуулагч А.Жасрай:  "Би нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан. Авлига өгсөн гээд байгаа юм уу, авсан гээд байгаа юм уу, бүү мэд. Ямар ч байсан хоёр удаа дуудаж асуусан шүү. Тэтгэврийн хөгшин гэрт зүгээр сууж байхаар гээд төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажилласан юм. Үүнийхээ төлөө хөгширсөн хойноо цагдаа, сэргийлэх гээд явах боллоо. Уг нь сард 900 мянган төгрөг хэн надад өгөх билээ гэж анх энэ ажлыг хийж эхэлсэн. Өдөрт хэдэн машин нүүрс авсан, хэдэн шуудай болсон, хэдэн төгрөгийн орлого орсон нь бүгд баримттай бий. Бүх орлого, зарлага баримттайгаа байдаг болохоор айгаад байх зүйл надад алга даа" гэлээ. 

Ямартай ч иргэдийг ажлын байраар хангаж мөн сарын 900 мянган төгрөгийн цалин авч ахуй амьдралаа дээшлүүлэхийн төлөө зүтгэж байсан тэдний хувьд "Нүүрс" хөтөлбөр зогсвол, ажилгүй болно гэдгээ мэдэгдэж ийнхүү АТГ-аас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг шаардаж байгаа нь зүйн хэрэг. 

Х.Даваа