БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоолоо. И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байжээ.

Тэрбээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өдрүүдэд орж ирсэн байна. И Чүн Гүг гэгчид Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэж нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрсэн байна.

Тиймээс И Чүн Гүгийг саатуулан, МХЕГ-ын  Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торголоо.

“Миндиллэ” эмнэлгийн танилцуулгаас үзвэл өндөр давтамжийн массаж, өөх задлах зүү, ардын эм ашиглан тураах эмчилгээ хийдэг, залуужуулах үйлчилгээ үзүүлэхдээ ардын эмчилгээний зүү хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсанд уурагтай утас суулгаж чангаруулах зэрэг үйлчилгээ явуулдаг байна.

Гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.

А.Баярмаа