“Хүй долоон худаг”-т амралт зугаалгын цогц үйлчилгээг бүрдүүллээ
2014/08/26
“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ Хүй долоон худгийн тохижилт, бүтээн байгуулалтын үйл явцыг олон нийтэд сурталчилах, Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийг дэмжиж ажиллах хүрээнд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрөөх нөхцөл бололцоогоор хангах, эрүүл агаарт идэвхитэй хөдөлгөөнийг дэмжин унадаг дугуй, цана, чарга, тоглоом, наадгайгаар үйлчлэх “ЭРҮҮЛ ИРГЭН- ЭКО ХӨГЖИЛ” сэдэвт 2 үе шат бүхий хөтөлбөр зарлажээ.
Тус хөтөлбөр нь
1. Дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ (VIII/30-IX/28),
2. Цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ (XII/01-III/16) гэсэн 2 шатаас бүрдэж байгаа юм байна.
1-р үе шат буюу Дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ нь наймдугаар сарын 30-ний Бямба гарагаас есдүгээр сарын 28-ны Ням гарагийг дуустал нийт дөрвөн долоо хоногийн Бямба, Ням гарагуудад үргэлжилнэ.
Энэ хугацаанд долоо хоног бүрийн Бямба, ням гарагуудад өглөө 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл 2 цагийн давтамжтайгаар Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбайгаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээвэрээр үйлчилэх аж.
Иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, Дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, Дугуй засварын цэг, X-tream спортын талбай, Гудамжны сагсан бөмбөгийн талбай, Элсний волейболийн талбай, Хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк, Хоол, худалдаа зэрэг цогц үйлчилгээг явуулж байгаа юм байна.