Сүүлийн хэдэн долоо хоног толгой дээрээ хүйтэн ус асгаж буй олны танил хүмүүсийн бичлэг цахим ертөнцөд тавигдаж байгааг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Энэ бол дэлхий даяар хүчээ авч байгаа "Ice Bucket Challenge" аян. 

Ice Bucket Challenge" буюу Мөстэй усны дуэлийг АНУ-ын "ALS Association" сангаас хандив цуглуулах зорилгоор эхлүүлсэн билээ. ALS гэдэг нь хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулж улмаар үхэлд хүргэдэг эдгэрэшгүй хүнд өвчин аж. Мөстэй цэв хүйтэн ус толгой дээрээ асгаснаар хүний бие тэрхэн хугацаанд мэдээгүй болж, сааталд ордог бөгөөд тэрхүү өвчинг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү аянг эхлүүлсэн гэдэг. 

Манай улсад сүүлийн хэд хоног ид хүчээ авч байгаа. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг Мөрөөдлийн театрын жүжигчин Т.Баттулга эхлүүлсэн. Мөстэй усны дэулийн дуудлагыг авсан УИХ-ын гишүүн Батчимэг, Д.Зоригт гишүүд хандиваа өргөн нэгдсэнээ олон нийтэд зарласан юм. Тэгвэл "Хас"-ын Ч.Ганхуяг, ШӨХГ-ын дарга О.Магнай нарыг энэхүү аянд нэгдэхийг олон хүн дуудсан. Гэвч тэд өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байгаа билээ. Харин тэднийг олон нийт хариу өгч, сайн үйлсэд хандив өргөтөл дуудахаар шийдсэн бололтой. 

Энэ удаад БШУЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуу мөстэй дуэлийн дуудлагыг хүлээн авч "Тархины төмөр хуримтлагдах" өвчин туссан 4 настай Г.Номин-Эрдэнэ охины эмчилгээнд хандив өргөн нэгджээ. Тэрбээр дараагийн гурван хүнээрээ мөн л Ч.Ганхуяг, О.Магнай нарыг дуудлаа. 

Нэгэнтээ "Гамбир" ток шоуны зочноор оролцох үедээ талхны үнийг 300 төгрөг гэж хээв нэг хариулж суусан Ч.Ганхуяг гуай энэ удаагийн "Ice Bucket Challenge"-ын дуудлагыг хүлээн авч энэхүү дэлхийд ховор өвчнөөр өвчилсөн бяцхан охинд тусламжийн гараа сунгана гэж найдаж байна. Хэрэв зээ алдарт 300 төгрөгөө хандивлаж ч болно шүү дээ. Далайд дусал нэмэр гэдэг үгийг санахад илүүдэхгүй биз ээ. 

Х.Даваа