Энэтхэгийн ой тогтоолын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 31-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг 5 улсын нийт 80 тамирчин бүтэн өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр оюунаа уралдуулж аваргуудаа тодруулсан юм.

Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 3 тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт маш амжилттай оролцож 30 медалийн 9-ийг нь хүртлээ. Дунд насны ангилалд Дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн оноогоор тэргүүллээ.

Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор нийт 80 тамирчнаас 2-р байрт орсон ба дунд насны ангилалдаа түрүүллээ. Тэрбээр “Хөзөр” цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Өнгөрсөн жил Лондонд болсон Дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 14 настай З.Цэцэгзулын хувьд 2 хүрэл медаль хүртэж ерөнхийгөөр 5-р байрт орж дунд насны ангилалд дэд байрыг эзэллээ.

Саяхан болсон Филиппиний тэмцээний аварга 16 настай Т.Энхжин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн “Хоёртын тоолол” төрөлд 5 минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр урьд өмнө З.Цэцэгзулын (736 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилэн тогтоосон юм.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд 3-т бичигддэг Шведийн тамирчин, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Jonas von ESSEN оролцсон нь өрсөлдөөнийг ширүүн болгосон ба тэрбээр нийлбэр оноогоор тэргүүлж цом хүртлээ.

Дараагийн тэмцээн Гонконгт энэ сарын 13, 14-нд болох ба энэ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох юм. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанаа дуурсгасан тамирчиддаа баяр хүргэж, цаашдын тэмцээнд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

Х.Даваа