“Морьтон монголын аялгуу” эгшиглэнэ
2014/09/08
Монгол төрийн Үндэсний хөгжмийн Их найрлын “Морьтон монголын аялгуу” 9 сарын 20,21-нд 19:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа тоглогдоно.
Монгол хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр илэрхийлэхдээ хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний томоохон ололт юм.
Хүннү гүрний үед Монголын анхны төрт улс бий болж төрийн ёслол хүндэтгэлийг хөгжимтэй холбож ирсэн бөгөөд Найрал хөгжмийн түүхийн мөчлөгийг Хүннү гүрний үеэс эхлэн ХIII зуун буюу дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн найрал хөгжмийг бүтээсэн түүхэн оргил үе болох Их Монгол улсын хаан Эзэн Чингис, түүний үе залгамжлагч Өгөдэй, Гүюг, Мөнх нарын үеийн хөгжмийн хороо, их найрал, Хубилай хааны Их Юань улсын ордны их найрал хөгжмийн түүхээс судлан үздэг юм. Эдгээр ордны дуу хөгжим, хаадын үе залгамжлалын тухай үнэ цэнэтэй баримт алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, Вилъям Рубрук нарын тэмдэглэл бичгийн дурсгал, “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч”, “Болор эрхи”, “Хөх судар” зэрэг цаг цагийн түүхэн сурвалж, ном товхимолд хадгалагдан байна.
Чингис хаан, түүний залгамжлагчид байлдан дагуулалтынхаа нүргээн дундаа хүмүүний сэтгэлийн учгыг хөндөж чадах хөгжмийн зэмсгийн хүч чадалд анхааран, эзлэн суусан улс орныхоо шилмэл, шилдэг бүхнийг олж танин, хураан цуглуулж чадсаны үр дүнд өргөө ордондоо олон арван хүнтэй чуулга төдийгүй дөрөв таван зуун хөгжимчинтэй Төрийн их найрал хөгжим бүрдүүлж байсан нь зүгээр нэг зугаа цэнгэлийн хэрэглээ бус шашин шүтлэг, хэл соёлоороо өөр өөр ард түмний сэтгэлийг түвшитгэх төдийгүй тэдний бишрэл хүндэтгэлийг олох холч санааны илрэл байв.
ХХ зууны хоёрдугаар хагаст Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж санаачлан их найрлыг сэргээн Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан нь 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн “Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” зарлигаар өргөжин дахин сэргэсэн юм.
Энэ удаад Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчдын туурвисан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын алдарт бүтээлүүд болох бүжгийн жүжгийн хөгжмүүд, дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн бүтээл, морьтон түмний минь хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас сэдэвлэсэн хөгжмийн бүтээлүүдийн яруу тансаг аялгууг та бүхэндээ өргөн барихаар боллоо.
Тоглолтонд:
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Д.Лувсаншарав “Нарны домог”
Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров “Мэргэнд буусан чоно”
Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав “Алтан ураг” Төрийн шагналт Ц.Нацагдорж “Нүүдэл”
Төрийн соёрхолт Б.Мөнхболдын “Монголын их хатад”
Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог “Жалам хар”
Гавьяат жүжигчин Ц.Чулуунбат “Толин хул”
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав “Аварга зээрд”
Ференц Лист “Рапсоди” зэрэг бүтээлийн дээжсээс тоглоно.Мөн энэ онд Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний найрал хөгжимд зориулсан анхны бүтээл болох “Сэрсэн тал” удиртгалын 30 жилийн ойг тэмдэглэж байгаагаараа онцлог юм.
Монгол оюуны шавхагдашгүй ундарга
Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрлыг бахдан биширтүгэй
www.URLAG.mn