Монголын багийн медалийн салхийг буудлагынхан хагаллаа
2014/09/19
Өмнөд Солонгосын Инчон хотод болж буй Азийн зуны спортын XVII наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ удаагийн наадмын нээлт 60 мянган хүний суудал бүхий “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.
Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд 23 төрөлд 231 тамирчнаа илгээсэн юм.
Монголын тамирчдын тэмцээн туялзуур сэлэм, буудлага, жүдо бөхийн төрлөөр өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр өглөө эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч сорив. Уг дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Монголын мэргэн муучид 1140 оноогоор хүрэл медаль хүртэж, “ИНЧЁН -2014” Азийн наадмаас Монгол Улсын анхны медалийг авчирлаа.
Хувийн дүнгээр О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзлэв.
Дашрамд дурьдахад, энэхүү хүрэл медаль нь хийн гар бууны төрөлд Азийн наадмаас авсан буудлагын анхны хүрэл медаль болж байна. Эмэгтэй буучид хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спорт гар бууны 25 метрийн дасгалд мөнгөн медаль хүртсэн билээ.
Одоо энэ цаг үед туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай улсаас Г.Батхүү, Б.Дөлгөөн нар өрсөлдөж байна.
Харин 14.00 цагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болно. Дээрх жингүүдэд манай улсаас дэлхийн аварга Г.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, дэлхийн аварга М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер А.Цолмон нар барилдах юм.
Мөн сагсан бөмбөгийн баг тамирчид өнөөдөр Хонконгийн багтай тоглоно.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /Инчён хотоос мэдээлэв/
Зочин · 2014/09/20