Эмэгтэй сагчид хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно
2014/09/27
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт эхлэх юм.
Шөвгийн наймд БНХАУ-Казахстан, Тайвань-Тайланд, Япон-Энэтхэг болон БНСУ-Монгол Улсын шигшээ багууд шалгарчээ. Казахстан, Монгол Улсын шигшээ багуудын хувьд урьдчилсан шатнаас шалгарсан багууд юм.
Урьдчилсан шатанд Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд өрсөлдсөн. Хэсэгтээ гурван хожил, нэг хожигдолтой Монгол Улсын баг тэргүүлсэн бол Казахстаны баг удаалсан.
Монгол Улсын эмэгтэй баг анх удаа Азийн наадамд оролцохдоо шөвгийн наймд шалгарч түүхэн амжилтыг үзүүлээд байгаа билээ. Тэд өнөөдөр хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө талбайн эзэдтэй тоглох юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 16.30-д эхэлнэ. Амжилт хүсье.