Төмөр замын царигийг өөрчлөх эсэх тухай асуудлыг дахин сөхөж улстөржсөн, УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэн нэгний эрх ашгийн өмнөөс чанга дуугаар хаш­гирсан, Улаанбаатарт бороо, шороо холилдсон ийм уур амьсгал дунд улстөрч-төмөр замчин, “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунин Улаанбаатарт саатаад буцлаа.

Тэрбээр эх­лээд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай 12.00 цагт уулзсан. Тэр үеэр Зам тээврийн сайд хамт байлцсан тул яаруу ирсэн учир хамтатган уулзахаар болсон байх гэсэн ч яалаа гэж тэгэх вэ. Оройн 18.00 цагт Зам тээврийн яаман дээр зочлон очихоор товлосон байлаа. Мөн өдөр УИХ-ын дарга З.Энхболдтой хамтдаа зоог барьжээ.

Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэгийн сайд нарын уул­залт болно гээд монголчууд төв талбайгаа угааж, “халтар” иргэдээ “нуун” байж 104 орны зоч­дыг хүлээж авсан. Тэд­ний дунд хоёр хөршийн төлөөлөл байгаагүй. “Монголын ардчилал” гэж юу байсан юм бэ гэж байгаа юм уу. Эсвэл “Бидний сонирхох бялуу тэнд алга” гэсэн үү, бүү мэд. Харин энэ сарын 8-9-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи манай улсад айлчиллаа. Хоёр хоног айлчилсан гэдгийг тодотгоё.

 

Түүнийг явмагц хойд хөршийн “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунин өчигдөр Монголд ирэв. Гэхдээ зургаан цагийн хугацаатайгаар “саатжээ”. Монгол орон түүний хувьд “саатах” хэмжээний л хөрш аж. Энэ хугацаандаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нартай уулзахаар төлөвлөсөн гэнэ. Одоо урд хөршийн зочин Ян Жэчигийн 48 цагийн албан ёсны айлчлал, хойд хөршийн “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунины зургаан цагийн “сааталт”-ын аль нь ихийг амжуулах бол. Тэр тусмаа хэн нь Монголын ард түмний нийтлэг эрх ашигт хамааралтай үр дүн үлдээх бол гэдэг сонин байна. Мөн энэ дашрамд дээрх хоёр эрхмийг заавал нэг шугаманд тавьж харьцуулах нь чухал биш. Харин хэчнээн сайн хөрш байсан ч хэрэгтэй зүйлдээ л зорьж ирдэг юм шүү гэдгийг сануулахыг хүссэн юм. Нөгөөтэйгүүр Ян Жэчиг Монголд байхад “яаж ийгээд” л төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг өөрчлөх саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан, энэ талаар ажлын хэсэг байгуулах болсон нь “Урд зүгийн том нөлөө” биш гэж үү.

В.И.Якунины хувьд Ерөнхий сайдтай уулзалтаа эхэлсэн нь жирийн хэрэг боловч царигийн асуудлыг ярьж эхэлж буй үед яаран нисэж ирснээрэээ анхаарал татаж буй. Тэрбээр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ ганц захиа замаасаа задлуулалгүй хүлээж аваад уншчихаж чадсангүй юү хэмээн зэмлэх л байх. Албан ёсны мэдээллээр бол Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төсөл дээр хэрхэн хамтрах “технологи”-оо тодорхой болгох гол яриа хэлцлийг энэ үеэр хийсэн гэнэ. Үүнд төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал.  Ялангуяа стратегийн  түншлэлийн харилцаатай мөнхийн хөрш орны хувьд харилцан үр ашигтай хамтран ажиллах чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолжээ. Мөн хурд чухал байгааг сануулсан нь цаанаа учиртай биз ээ. Харин В.И.Якунин хамтын ажиллагаанд ахиц дэвшил байгаа ч төслийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн болохоор цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг дахин сануулжээ.

Албан ёсны энэхүү мэдээллээс гадна “Шинэ төмөр зам” ХК-ийн тендерт 10 гаруй компани саналаа ирүүлснээс Монголын зүгээс ОХУ-д илүү боломж олгохыг хүсэх хандлага мэдрэгдээд буй. Гэтэл энэ нь бас эгзэгтэй асуудал. Юу гэвэл Мөрөн-Эрдэнэтийн чиг­лэлийн төмөр замыг манайхан Хөвсгөл далай, түүний ойр орчмын фосфорит болон бусад баялгийг зөөх зам гэж харж, хардаж байсан бол эдүгээ Оросын талын сонирхол болох нь анзаарагдаж эхлэв. Өөрөөр хэлбэл “Монголчууд аа, та нар төмөр замаа барь. Бид долоон тэрбум ам.доллараас илүү хөрөнгө зарцуулж чадахгүй. Бусдыг нь танайх гаднаас авчих. Гэхдээ барьсан төмөр зам чинь манайд ашигтай байх ёстой. Хэрэв ингэж наймаалцаж чадвал бид 63 жил хүлээсэн төмөр замын гэрээний чинь нэг хувийн алдар хүндийг Н.Алтанхуягийн Засгийн газарт бэлэглэж болох юм” гэсэн тохироо ч байж болох юм. Харин Монголын тал оросуудаас шинэ төмөр замын бүтээн байгуулалтад долоон тэрбум ам.долларын санхүүжилтийг нь авчихлаа гэхэд ОХУ-ын давуу эрхийг баталгаажуулах боломжтой эсэх нь эргэлзээтэй төдийгүй хүсүүштэй асуудал биш билээ.

Дашрамд дурьдахад В.И.Якуниныг ирэхээс хоёрхон хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Зам тээврийн сайд А.Гансүх энэ талаар “бай­цаалгасан”-ыг бас санахад илүүдэхгүй биз ээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхий сайд аа, Төмөр замын бодлогын талаар маргаантай байгаа асуудлаа эцэслээд энэ тавдугаар сардаа багтаагаад эцсийн нэг санал оруулаад ирэх боломж байна уу, үгүй юү” хэмээн ууртайхан асуусан юм. 

Гэвч “сайн, муу холилдсон сав ертөнц” гэгчээр яг энэ өдөр Та­вантолгой-Гашуунсухайт чиг­лэлийн 267 км төмөр замыг барих эхний 83 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас “МТЗ” ТӨХК-ийн дансанд шил­жүүлэхээр болсон. Уг ажлыг “Самсунг” компани гүйцэтгэхээр болсон билээ. Ийнхүү олон улсын зах зээлд амжилттай босгосон “Чингис” бондын дээжийг “Шинэ төмөр зам” төсөлд зарцуулахаар шийдвэрлэснээс харахад уг төсөл ирээдүйн хөгжлийн гарц болох нь харагдаж байна. Дашрамд дурьдахад 483 сая ам.долларын өр­төг бүхий уг төслийг гүйцэтгэх болсноо БНСУ-ын “Самсунг” S&T корпораци өөрийн вэб дэлхий нийтэд албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь Самсунг-ийн хувьд Шангри-Ла, MCS Tower-ийн дараа Монголд хэрэгжүүлэхээр болж буй гурав дахь удаагийн төсөл юм. Ийнхүү их бүтээн байгуулалтын эхний гараа амжилттай эхэллээ.

Ийм уур амьсгал, бороо, шороон дунд Улаанбаатарт буугаад мордсон В.И.Якунины товч, тодорхой айлчлал өмнөд хөршийн Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчигийн урьтаж амжсан 48 цагийн айлчлалаас илүү үр дүнд хүрч чадсан эсэхийг ирэх өдрүүдэд гарах шийдвэрүүд тодотгон харуулах биз ээ. Товчхондоо Зам тээврийн сайд А.Гансүх 2008 онд ЗТАЖ-ын дэд сайдаар ажиллаж байхаасаа л шинэ төмөр замын талаарх бүр тооцоо, судалгаа, улс төрийн бодлого боловсруулах ажлыг нь бүрэн хариуцан зангидаж яваа. Тэгэхээр урт хугацаандаа асуудлаа судалж мэддэг болсон нь түүний давуу тал. Үүний зэрэгцээ тэр өөрөө хуульч хүн. Зүгээр ч нэг хуульч бус ээдрээтэй, маргаантай, бэрхшээлтэй олон асуудлаар шүүхэд өмгөөлөл хийж байсан туршлагатай хуульч.

Тэгэхээр аль ч талаас нь харсан буруу зөрүү үйлдэл хийхгүй гэсэн итгэх үндэслэл бий. Өөрөөр хэлбэл Монголын төр бодлогоор А.Гансүхийг Зам тээврийн сайдаар томилж, хөршийн “хүчтэн”-үүдтэй тохиролцоо хийлгэхээр илгээсэн гэж хэлж болох юм.  Өнөөдөр хоёр хөршийн хүчтэй шахалт, дээр нь дотоодын улстөржилтийг сөрж учир шалтгааныг тунгаан өөрийн гэсэн бодлоор дүгнэлт хийж чадах, нөгөө талаас хэнд ч үл барьцаалагдах цэвэр хүн л үүнийг хийж чадна. Тиймээс хоёр хөршөөс хэнбугай ч ирж ямар ч шахалт үзүүлсэн А.Гансүх сайдад нэг бодол бий. Тэр нь монгол түмний нийтлэг эрх ашгийн төлөөх шийдвэр байна гэдэгт итгэж байна.

 

У.Оргилмаа