Зүүн Африкийн улс орнуудад эбола вирус хурдацтай тархаж байна. Энэ үед ДЭМБ-аас улс орнуудад халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна. Тэгвэл манай улс хэр зэрэг бэлтгэлтэй байгаа талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн хэлтсийн дэд захирал Г.Сүрэнхандтай ярилцлаа.

 

-Эбола вирус нэлээд хурдацтай тархаж байна. Энэ вирусээс манай улс хэрхэн сэргийлж байна вэ?

 

-Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр эбола вирусээр өвчилсөн 8105 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 3000 орчим хүн нас барсан. Нигерт эбола вирусийн тархалтыг намжаасан. Эрсдэлтэй байгаа орнуудад ажиллаж буй хүмүүс уг халдварыг зөөвөрлөх тохиолдол ихэсч байна. Тухайлбал, АНУ, Испанид вирусын халдвартай хүн илэрлээ. Өвчтэй хүнд үйлчилж байсан эмнэлгийн ажил-тан хүртэл халдвар авсан. Тиймээс Монгол улс эбола вирус гарсан цагаас хойш мэдээллийг жигд хүргэж байна. Хэрэв ийм тохиолдол гарлаа гэж үзвэл ганцхан Эрүүл мэндийн яамны хариуцах асуудал биш. Олон салбарын ажиллагаа хэрэгтэй. Тиймээс Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газарт мэдээлэл хүргүүлж байна.

 

-Манайд эбола вирусийг оношилж, илрүүлэх багаж, хэрэгсэл бий юу. Тухайн вирус илэрсэн тохиолдолд эмнэлгийн ажилчид өмсөх зориулалтын хувцас байна уу?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад эбола вирусээс хамгаалах хэрэгсэл өөр байна. Манайд тахлын голомтод орохдоо өмсдөг хувцас, хамгаалах хэрэгсэл байдаг. Гэхдээ энэ нь эбола вирусийн зориулалтынх биш. Материалын хувьд өөр. Тухайн вирусийн онцлог нь халдвартай хүнээс ялгарч буй бүх л шингэнээр дамждаг. Тиймээс хамгийн гол нь шингэн зүйл нэвтэрдэггүй хувцас байх ёстой. Тиймээс манайх хамгаалах хэрэгсэл, гар ариутгах бодис, эмнэлгийн бохир хог хаягдал хийх хайрцаг сав болон оношлуур зэрэг найм, есөн төрлийн хэрэгсэл захиалсан. Энэ чиглэлээр удирдамж боловсруулаад ЭМЯ-нд хүргүүлээд байна. Сайд баталсан тохиолдолд бүх орон нутагт хүргүүлнэ. Үүний дагуу нөөцөө бэлтгэж, бэлэн байдлаа хангах юм.

 

-Тэгвэл бэлтгэлээ хараахан хангаж амжаагүй юм байна. Хэрэв эбола вирусийг илрүүлэх оношлуур ирсэн тохиолдолд хаана суурилуулах вэ?

 

-Эбола вирус өмнө нь байгаагүй шинэ учир бэлтгэлээ сайн хангах ёстой. Оношлуур ирсэн тохиолдолд аюулгүй байдлын II зэрэглэлийн лабораторид суурилуулж, ажиллах ёстой. Гэтэл энэ лаборатори хүн эмнэлгийн салбарт байдаггүй. Тиймээс бид мал эмнэлгийн төв лабораторитай гэрээ байгуулах саналыг Засгийн газарт тавьсан. Өөрөөр хэлбэл, тухайн вирусийн халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн лабораторид хийж, оношлох ажлыг энд хийнэ гэсэн үг.

 

-Тухайн вирусийн нууц үеийн хугацааг 2-21 хоног гэсэн. Энэ хугацаанд шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хилээр нэвтрэх боломжтой юм шиг байна. Манай улс хил дээр ямар хяналт тавьж байна вэ?

 

-Нууц үеийн хугацаанд халдвар дамждаггүй. Гэхдээ нууц үе харилцан адилгүй байна. Аль ч үед илэрч болно. Тиймээс энэ хугацаанд өөрийгөө халдвар авсныг мэдэлгүй хил дамжих тохиолдол байдаг. Хил дээр зөвхөн халуун үзээд оруулдаг. Хэрэв ямар нэгэн шалтгаангүй халуурч байвал оруулахыг хориглодог. Гаднаас ирж буй хүний зорилго нь тодорхой, гэрээ хэлцэлтэй, хүлээж авах компанитай үед оруулдаг. Тодорхой бус хүнийг буцаах ёстой. Буцаасан тохиолдол ч бий. Үүнээс гадна манай улсад ирсэн дөрвөн хүнийг 21 хоног хяналтад байлгасан. Дурдсан хугацаанд вирус илрээгүй.

 

-Өвчлөл гарсан улсад монгол хүн байгаа болов уу?

 

-Одоогоор монгол хүн байхгүй. Бид ГХЯ болон холбогдох байгууллагуудтай байнгын мэдээлэл солилцож байгаа.

 

-Бага насны хүүхэд эбола вирусийн халдвар авах магадлал бага гэдэг. Гэтэл Африкт вирус бага насны хүүхдэд халдварласан тохиолдол гарсан. Юунаас дамжиж хүүхэд халдвар авч байна вэ?

 

-Уг нь бага насны хүүхэд энэ вирусээр өвдөх магадлал бага. Яагаад бага насны хүүхэд өвдөж байна гэдгийг Африкт гарч буй өвчлөлөөс дүгнэсэн. Ингэхэд хөхний сүүгээр халдвар авч байгааг тогтоосон. Бага насны хөхүүл хүүхэдтэй эх халдвар авбал хүүхдэд халдварлана. Эбола вирусийн халдвар нь цочмог явцтай халдварлалт, нас баралт өндөртэй, вирусээр үүсгэгддэг, шууд ба шууд бус замаар дамжин халдварладаг. Халдвар авсан хүмүүсээс 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай байдаг.

 

-Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах ёстой вэ. Эмчилгээ хийх боломжтой юу?

 

-Халуурах, хоолой торох, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах ёстой. Тэр үед эмч “Та гадны аль нэгэн улс оронд аялал жуулчлалаар явсан уу” гэдэг ганцхан асуултыг л асуух хэрэгтэй. Үүнийг Испани улсын эмч асуугаагүйгээс болж алдсан. Тиймээс ямар нэгэн шинж тэмдэгтэй хүн ирж үзүүлэхэд дээрх асуултыг л асуух хэрэгтэй. Одоогоор тухайн вирусийг устгах вакцин, эмчилгээ байхгүй. Зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, өвчин намдаах, бөөлжилтийн эсрэг эм өгөх, алдсан шингэнийг нөхөх, цус алдсан тохиолдолд тогтоох зэрэг эмчилгээ хийнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайн хангах ёстой. Хэчнээн сайн бэлтгэлтэй байна төдий чинээ өвчнийг хурдан хязгаарлаж чадна гэсэн үг.

 

-Манай улсад эбола вирус орж ирсэн тохиолдолд яаж таних вэ. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс ширээний уулзалт хийсэн. Үүнд нийт18 улс орныг хоёр хувааж хамруулсан. Манай улсын эмч нар оролцсон. Тухайн улс орон эбола вирусийн халдвартай хүн орж ирсэн тохиолдолд таньж, илрүүлж чадах уу, бэлэн байдал хэр зэрэг байгааг үл мэдэгдэх даалгавар өгч шалгадаг. Энэ сард томуугийн зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр эбола вирусийг тусгайлан авч үзнэ. Үүнээс гадна сарын сүүлээр хийхээр бэлтгэж байна. Үүнд хамтарч ажилладаг бүх байгууллагыг оролцуулна.

 

-Энэ вирусээр өвчлөхгүйн тулд иргэд хувийн зүгээс хэрхэн сэргийлэх вэ?

 

-Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх. Хэрвээ зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй, түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй, өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлосон зүү тариурт хүрэхгүй байх хэрэгтэй. Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт шууд хандах хэрэгтэй.