Жил гаруйн хугацаанд Солонгост эмчлүүлж байгаа гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо түр ирээд байгаа.

 Тэрээр “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр буухдаа “...Эх орныхоо агаараар амьсгалж, газар шороон дээрээ гишгэн, монгол хүмүүстэйгээ уулзах ямар сайхан юм бэ” гэж байсан юм.

Н.Энхбаяр ирснээсээ хойшхи өдрүүдийг тун завгүй өнгөрөөж байгаа бололтой. Төрийн ордонд хүрэлцэн очиж өөрийнхөө удирддаг “Шударга ёс” бүлгийнхээ хуралд оролцлоо. Төрийн томоохон албан тушаалтнуудтай уулзлаа гэх мэдээллүүдийг хэвлэлүүд өдөр бүр дамжуулж байгаа. Энэ утгаараа тэрээр өнгөрч буй долоо хоногт олны анхаарлын төвд байж, улс оронд болсон гол үйл явдлын  эзнээр нэрлэгдэж байх шиг байна.

Үнэхээр ч Н.Энхбаярын суусан онгоц Буянт Ухаад газардлаа гэснээс хойш олон нийт, ялангуяа улс төрийн хүрээнийхэн түүний үйл хөдлөл бүрийг анхааралтай ажиглаж байгаа. Энэ нь улстөрчдийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хүргэж буй өнцгөөс харагдаж байгаа юм.

Нөгөө талаар Н.Энхбаяр Монголд ирсэн энэ долоо хоногт нэгэн зүйлийг баталлаа гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэр нь Н.Энхбаярын Монголдын улс төр дэх нэр нөлөө, байр суурь нь өндөр хэвээрээ байгаагаа баталсан хэрэг болж байна гэв.

Н.Энхбаярын энэхүү хүч нөлөөтэй байдал зарим улстөрчдөд таалагдахгүй байгаа сурагтай. Өрсөлдөгчөө, өөрөөсөө илүү нэгнийг намнадаг арга нь хэрэгт холбох болоод байгаа. Хийж хэрэгжүүлдэг газар нь цагдаа, авлигынхан гээд л. Тэгэхээр бас ямар нэгэн “хэрэг” зохиогоод “Н.Энхбаяр ингэсэн байна ш дээ, ёстой” гээд л нэг формтой нөхөр зурагтаар яриад эхлэхийг үгүй гэх газаргүй юм. Н.Энхбаяр эх орондоо ирж магадгүй гэсэн мэдээлэл гарангуут л түүнтэй холбоотой “ямар нэгэн маш нууц” байгаа тухай  мэдээлэл  үл мэдэгдэх баттай эх сурвалжаас гарч зарим хэвлэлд очдог байсан билээ.

 

Б.Дамдин /ЗУУНЫ МЭДЭЭ/