Туурвисан бүтээл бүрээрээ кино урлагт хүчтэй хамт олон байж чадна гэдгээ харуулсан “LVA” энтертайнментынхан өдгий дэлгэцийн дөрөв дэх бүтээлээ туурвиж байна. Action, drama жанрын “Мухар гудамж” хэмээх шинэхэн бүтээлийнх нь үндсэн зураг авалтууд дууссан бөгөөд одоо эвлүүлгийн ажил ид өрнөж байгаа ажээ.

Тус киноны продюсерээр жүжигчин Д.Лхагва ажиллаж байгаа бөгөөд кино зохиолоо найруулагч Д.Баярсайхантай хамтран бичжээ. Харин киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар “Idea source” студийн О.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Харин киноны гол дүрд, Д.Лхагва /МУСТА/, дуучин, жүжигчин Дулма Сунрапова, Ц.Цэрэнболд /МУСТА/, дүрүүдэд, Г.Амгаланбаатар /МУСТА/, Ж.Дарамсүрэн /МУГЖ/, П.Цэрэндагва /МУАЖ/ нарын тайз дэлгэцийн шилдгүүд тогложээ.

Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах энэхүү шинэ бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа. Хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгө гээд олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал үүсч улмаар мухардалд ордогийг “Мухар гудамж” тод томруунаар харуулах нь ээ.

Тун удахгүй нээлтээ хийхээр товлож байгаа тус бүтээлийн анхны постерыг уран бүтээлчид ийнхүү дэлгэлээ.