"Чонотой нийлсэн гэрийн нохой чононоосоо дор" гэх Монгол ардын мэргэн үг бий. Өнөөгийн зарим улс төрч амин хувийн болоод намынхаа эрх ашгийн төлөө ард түмний ашиг сонирхлыг юман чинээ тоохоо байсан нь яг л чонотой нийлсэн нохойн явдлыг санагдуулсаар байгаа юм.

Тэгвэл "Чонотой нийлсэн нохой" царайлсан хоёр улс төрч саяхан 2-р эмнэлэгт очиж ялтантай Засгийн газрын нэрийн өмнөөс нууц гэрээ байгуулсан байна. Тэд хэн бэ гэвэл АН-ын Ч.Сайханбилэг, МАХН-ын Д.Тэрбишдагва нар ажээ. Энэ хоёр хүн ялтан Н.Энхбаяр болон түүний эхнэр О.Цолмон хоёртой аминчлан уулзаж улмаар дөрвөн заалт бүхий гэрээнд дөрвөн талаас гарын үсэг зуржээ.

Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Д.Тэрбишдагва Засгийн газрын шадар сайд гэхээр уг гэрээ Монгол улсын Засгийн газрын түвшинд хийгдсэн болох нь ойлгогдож байгаа юм. Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва нар гурван ч удаа уулзсаны эцэст О.Цолмонг байлцуулан гэрээгээ баталж гарын үсэг зурцгаасан бөгөөд уг нууц гэрээний гол заалт нь "Н.Энхбаярт оноосон бүх ялыг хүчингүй болгох, улмаар түүнийг улсын зардлаар Америкт эмчпүүлэх” тухай юм байна.

Энэ нь МАХН буюу Н.Энхбаярт маш ашигтай заалт гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин үүний хариуд Н Энхбаярын зүгээс Ардчилсан намд ашигтай нэгэн чухал заалтыг оруулжээ. Тэр нь юу гэвэл "2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН АН-тай хамтарч оролцох. 2016 оны УИХ-ын сонгуульд бас хамтрах" гэсэн заалт бөгөөд энэхүү нууц гэрээнд Засгийн газрыг төлөөлж Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва нар, МАХН-ыг төлөөлж Н.Энхбаяр, О Цолмон нар гарын үсэг зураад хэрэгжүүлэх ажилдаа хэдийнэ оржээ. Шүүх, прокурорын эрх мэдлээс давж. тэдний гаргасан шийдвэрийг уландаа гишгэн ялтантай нууц гэрээ байгуулдаг сайд дарга нар манайхаас өөр газарт байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва нар дээрх нууц гэрээг ерөнхий сайд Н.Алтанхуягийн зааварчилгаагаар хийсэн төдийгүй ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамар доор нь ийм юм болж, гэрийн ноход нь чонон сүрэгтэй нийлчихсэн гүйж явааг огт анзаарахгүй байснаа саяхнаас сэжиг авч нууц гэрээг нь эрж хайж эхэлсэн юмсанж. Түүнд сэжиг авахуулсан хүн нь ерөнхий сайд Н.Алтанхуяг аж.

Тэрбээр гэнэтхэн л Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёрт "Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Америк руу эмчилгээ хийлгэх нэрээр хурдхан явуулъя. Хол байлгасан нь та хоёрт л хэрэгтэй" хэмээн байн байн хэлж байгаад сэжиг авахуулчихсан талаар баттай эх сурвалж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин