Хадгаламжийн даатгалын корпораци шилдэг байгууллагаар шалгарлаа
2014/10/31
Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци Банкийг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөрт гаргасан амжилтаараа Олон улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо/IADI/-ны 2014 оны Шилдэг байгууллагаар шалгарлаа.
Тус Корпораци нь Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэсэнтэй холбогдуулан Төрийн банкинд нийт 204,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажилласан үр дүнгээрээ нийт 77 орны хадгаламжийн даатгалын корпорациудаас шалгарсан байна. Энэхүү шагналыг хүртсэнээр Монгол Улсыг олон улсын санхүүгийн салбарт таниулахаас гадна хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх аж.
Түүнчлэн Хадгаламжийн Даатгалын Корпораци нь дэлхийн “Хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Банкны Холбоо, арилжааны банкуудтай хамтран анх удаа нэгдсэн “Санхүүгийн Нээлттэй Өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөг 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 12:00 цагт “Блю Скай” цамхагт зохион байгуулагдаж сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлэгч, авьяас чадвартай хагас болон бүтэн өнчин хорин хүүхдийг сонгон авч тэдгээр хүүхдүүдэд 50,000 төгрөгийн ваучерийг гардуулав.
Өдөрлөгийн хүндэт зочноор ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч уригдан оролцож хүрэлцэн ирсэн хүмүүст өөрийн зохиолын дээжисээр бэлэг барьлаа. Мөн эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун хуримтлалын талаар олон нийтэд зориулсан илтгэл тавьсан зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохиогдон ирсэн зочид бүр гарын бэлэгтэй буцлаа. Өдөрлөгийн ач холбогдол нь ард иргэдэд хуримтлалтай байхын давуу тал, түүнийг хэрхэн үүсгэх талаар мэдлэг өгөхөд оршино.