Энэ жаал бол Реппер Gee хэмээх нэрээрээ олноо танигдсан Т.Мөнх-Эрдэнэ. Түүнийг хип хоп сонирхогчид сайн танина. Тэрбээр 1999 оноос хип хоп урлагтай холбогдсон түүхтэй. Анх реп хийхгүй, зөвхөн үгийг нь бичдэг байсан гэдэг. Харин нэгэн удаа үглэх шаардлага гарсны дагуу үглэсэн нь сонсогчидод таалагдаж, түүнд урам зориг өгчээ.

Түүний анхны сонсогчид найзууд нь байсан бөгөөд түүний үглэхийг сонсоод “Gee” хэмээн уулга алджээ. “Gee” гэдэг нь “гайхалтай” гэсэн утгатай үг бөгөөд найзууд нь түүний үглэхийг сонсоод ийнхүү дууджээ. Тиймээс “Gee” гэдэг нь түүний нэр биш хоч гэвэл зохилтой.

Сэтгүүлч мэргэжилтэй реппер “Gee” үндсэрхэг үзэлтэй нэгэн. Тэр нь түүний уран бүтээлүүдэд ч шингэсэн байдаг. “Миний нутгийг надад үлдээ” хэмээх дуунаас нь эх оронч, үндсэрхэг үзэл эрхгүй харагддаг. 

Тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо фэнүүддээ зориулан хүргэх гэж байгаа билээ. 

Д.Ана