Улс төрд өрнөөд байгаа шуугиан тарьсан асуудлын нэг нь ерөнхий сайд Н.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АН-ын даргын албан тушаалаа сайн дураараа өгөх гэж байгаа тухай сүүлийн өдөрүүдэд хэвлэл мэдээллээр түгэх болсон. Гэвч тэрбээр энэ талаар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй юм. АН-ын бүлэг шийдвэр гаргаж чадахгүй бас л хэдэн өдөр дамнан сунжирч байна. Учир нь АН-ын бүлгийн хурал завсарлага авлаа. Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн ойлголцож нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаагийн илрэл юм.

 

Зарим эх сурвалж АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан гэж үзэж байгаа ба өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг нэг хэсэг нь огцруулахгүй хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь огцруулна гэсэн таамаг байгаа аж. Тэгвэл Н.Алтанхуягийг огцруулахгүй байх хэд хэдэн үндэслэл байгаа гэж зарим гишүүд үзэж байгаа гэнэ.

 

Тодруулбал, Н.Алтанхуяг 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд намаа ялуулсан, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аа ялуулсан, АН-ыг анх удаа гурван сонгууль дараалан ялуулсан, Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрыг төрийн өндөрлөгт суулгаж, эрх мэдэлтэй болгосон зэрэг нь Н.Алтанхуягийн гавьяа олон аж.

 

Үүний эсрэг зарим гишүүд “Н.Алтанхуяг өнгөрсөн гурван сонгуульд сайндаа ялалт байгуулаагүй. МАН-ын санал хуваагдсан, Э.Бат-Үүл нийслэлийн ялалтыг авчирсан, Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж хувийн нэр хүндээрээ ялалт байгуулсан, Шинэчлэл нэрээр Засгийн газрынхаа олон сайдыг золиосонд явуулсан, Улс орны эдийн засгийг унагасан, Эдийн засгийн дампуу бодлогыг явуулсан, Ард түмнийг ядууруулсан, Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй” хэмэээн үзэж байгаа гэнэ.

 

Улс төрийн ээдрэт энэ асуудалд УИХ-гишүүн Ц.Нямдорж “С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрыг МАНАН-гийн Засгийн газар гэдэг байсан. МАНАН дунд хүн төөрдөг. Гэтэл Н.Алтанхуягынх Түнэр харанхуй Засгийн газар байна” хэмээсэн нь оновчтой бөгөөд цөхрөнгөө барсан хүний үг гэлтэй.

 

Ямартайч МАН-ын бүлэгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцоруулах асуудлыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх гэж бөөн юм болсон. Уг асуудлаар “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан. Дараа нь хуулийн хугацаа дуусчихаад байхад төрийн байгуулалтын байнгын хороо хуралдалгүй хоёр хоног сунжирсан. Эцэст нь АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авлаа. 
Ингээд Н.Алтанхуягийг хэлэлцэх гэж 12 хоногоор асуудал сунжирч байна. АН ямар нэгэн шийдэлд хүрсэн эсэх нь энэ 12 хоногт дуусгавар болох бөгөөд ирэх 3 дахь өдрийн төрийн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Г.Мягмарсүх