Н.Энхбаяр: Би эргэж ирнэ. Гэхдээ хэзээ ирэхээ мэдэхгүй
2014/11/02
Н.Энхбаяр эх орондоо ааруул идэх зорилготой ирээд АН-ыг засагтай нь самарчихаад явсан билээ.
Тэрээр хоёр өдөр намынхантайгаа хуралдаж, Богд ууланд авирч, Туул голыг өгсөж алхаад, Сүхбаатарын талбайд иргэдтэй мэндчилээд, намынхаа Гүйцэтгэх товчоог хуралдуулаад, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээр хийгээд буцсан билээ.
БНСУ-руугаа явахын өмнө МАХН-ынхандаа юу хийж байгаагаа тайлагнасан байна. Бас захиас сургаалиа ч айлджээ. Юуны өмнө "Очир огтлогч" (Очирыг огтлогч) хэмээн томоохон бүтээлийг аавынд байхдаа орчуулж дуусгасан. Тэрнийхээ орчуулгыг хянаж дуусгаад ирэх 12 сар гэхэд хэвлэж, Монголчууддаа тарааж өгөх гэнэ. Уг бүтээлийнхээ орчуулгыг Солонгосын Буддын шашныхнаар хянуулах гэж хийдэд нь эхнэр О.Цолмонгийн хамт долоо хоносон аж. Тухайн үед Н.Энхбаярын Солонгосын хийдэд зочилж байгаа зураг хэвлэлээр гарч шуугиан дэгдээгээд байсан нь ийм учиртай аж. Тэгэхдээ долоо хоног цагаан хоол идсэн гэнэ. Мөн Буддын шашны өөр нэгэн томоохон бүтээлийг ч орчуулан дуусгаж. Уг бүтээлийг орчуулахдаа Японы буддын үзэл баримтлалд тулгуурласан гэнэ. Ничиран хэмээх Японы мэргэн лам бий л дээ. Энэхүү Ничиран багш хэмээх Япончуудыг хүндэтгэдэг хүн бол Хубилай хааны цэрэгүүд Японыг эзлэх гэж явахад хар салхи гаргаж, ид шидийн олон үйлдэл үзүүлж байсан л даа. Тэгээд Монголын их хаан Хубилайн илчийг устгасний дараа хүний ёсоор оршуулах ёслол үйлдэж байсан. Тиймээс хожим Япончууд Фукуока хотод Ничиран багшийн хөшөөг Монголчуудын дайрсан зүг рүү харуулан босгосон байдаг. Энэхүү Ничиран багшийн үзэл баримтлалыг харуулсан буддын бүтээлээ орчуулж дуусгасан Н.Энхбаяр энэ жилдээ багтаан хэвлүүлэх эрхийг олж авчээ. Өөрөөр хэлбэл энэ оны эцэст Монголчууд Н.Энхбаярын орчуулсан хоёр ч бүтээлтэй танилцахаар болов.
Энэ бол Н.Энхбаярын БНСУ-д хийж байгаа гэгээрлийн ажил. Бас Н.Энхбаярын МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаа тавьж байгаа илтгэл. Уг нь улс төрийн намын удирдлагууд Их, Бага хуралдаа улс төрийн асуудал л ярьдаг. Сонирхолтой нь Н.Энхбаяр илтгэлдээ шашин ярьсаар байгаад дуусгав. Хэрэв Н.Алтанхуяг, М.Энхболд гэсэн дарга нар намынхаа хуралд иймэрхүү шашны илтгэл тавьсан бол бут авахуулна л даа. Харин Н.Энхбаяр алга нижигнүүлэн ташуулав. Ганц хүний нам ийм л байдаг гэдгийг харуулав.
Хамгийн сонирхолтой нь тэрээр намынхаа нөхдөд нэгэн чухал амлалтыг өгөв. Тэрээр "Би эргэж ирнэ. Гэхдээ хэзээ ирэхээ мэдэхгүй" хэмээн захих, сануулахын хооронд ярив. Түүнийг битгий эргэж ир гэсэн хүн байхгүй л дээ. Эх орондоо л амьдар гээд байгаа. Гэтэл БНСУ-ын эмнэлэгийг илүүд үзээд явсан. Эндээс нэг зүйл тодорхой байна. Эзэн хэзээ ч ирж магадгүй байна. Хамгийн гол нь хэзээ ирэхээ өөрөө ч мэдэхгүй байгаа аж. Хэдийгээр энэ үйл явдлаа эмчилгээ, эмч нарын зөвшөөрөл гэж тайлбарлаж болох ч улс төрийн өөр шалтгаан байж болох юм. Ямар шалтгаан бэ?