Инноваци гэх харь үг Монголын үгсийн санд нутагшаад удаж байгаа ч эдийн засагт өөриймсөлгүй хэдэн оныг үдсэн. Нэг хэсэгтээ л амтай бүхний амны уншлага болсон энэ үг өдгөө мартагдах шахжээ.

Харин энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганаар инноваци гэж байдгийг дахин нэг сануулсан юм. Түүхэндээ хамгийн олон буюу нийт 30 гаруй салбар хуралдаантай болсон тус чуулганаар хүмүүсийн сонирхлыг гижигдсэн олон сэдвээр талууд ярилцсан. Түүний нэг нь "Шийдэл нь инноваци" салбар хуралдаан байсан бөгөөд энэ үеэр олон хүний "загатанасан газар нь маажаад" авсан юм.

Дутуу хуулийн сүүдэр

Мэдлэгийг эдийн засагжуулж, монгол эрдэмтдийг од болгох зорилготой Инновацийн тухай хууль батлагдаад дөрвөн хаврыг ардаа орхижээ. Эрүүгээ чилтэл инноваци гэж орилсон монгол эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар эдийн засгийн өсөлтөд хөтлөх мөрөөдөл Инновацийн тухай хууль батлагдсанаар ажил хэрэг болох учиртай байлаа. Гэхдээ хууль батлагдлаа гээд инноваци амьдралд бууж, эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн нь үгүй. Тиймээс энэ талаар эдийн засгийн чуулганд оролцогчид хариу нэхсэн юм. "Монгол алтан тос" компанийн захирал Г.Ганболд "Монголчууд дотооддоо ургамлын тос үйлдвэрлэдэггүй байсан. Харин манай компани үйлдвэрлэж байна. Энэ бол Монголдоо л шинэ зүйл. Бид хүнсний салбарт инноваци хийсэн гэж үзэж байгаа. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яамныхан хуулиа барьчихаад манайхыг инноваци хийсэн, хийгээгүй гэж маргалдаад одоо хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа" гэв. Ер нь энэ үеэр хуулийн талаар шүүмжлэл багагүй өрнөсөн.

Тухайлбал, шинээр батласан хуульд инновацийн үйл ажиллагааг дэмжих олон чухал зүйл заалт орсон байдаг аж. Тухайлбал, Засгийн газрын дэргэд Инновацийн зөвлөл ажиллахын сацуу энэ чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх Инновацийн санг шинээр байгуулах учиртай байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилт байхгүй байгаад олон хүн бухимдаж байна. Мөн хууль баталчихаад түүнийгээ хэрэгжүүлэх дүрэм журмыг нь гаргахгүй гацаадгийн тод жишээг эндээс харж болохоор байв. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Б.Лхагвадорж "Хууль хэрэгжихийн тулд дагалдах 10 гаруй журам гаргах шаардлагатай байгаа. Гэвч тэдгээр журмыг батлахад улс төрийн савлагаа, сонгууль, нэг засаг нь нь гараад нөгөө засгийнхаа бодлогыг үгүйсгэдэг төрийн залгамж халаагүй бодлого саад болж байна" гэв. Гэхдээ одоогоор гурван журам батлагдах гээд хүлээгдэж байгааг тэрбээр онцолсон. Тус гурван журмаар Засгийн газрын дэргэд Инновацийн зөвлөл байгуулах, гарааны компаниудыг татвараас чөлөөлөх гээд хэд хэдэн асуудлыг шийдэх юм билээ.

Мөнгө бас дахин мөнгө

Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй боловч зарим мөрөөдөлд мөнгө төлбөл тэндээс ашиг олж болдог. Түүний нэг нь инноваци. Шинэ мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад мөнгөний асуудал зайлшгүй тулгарна. Гэтэл өнөөдөр монголчуудад мөнгө алга байгааг салбар хуралдаанд оролцсон хувийн хэвшлийнхэн хэлж байлаа. Тухайлбал, "Монхимо" компанид "Адуу" брэндийн кальци, тоос дарагч гээд нэг бус ашигтай төсөл санхүүжилтгүйн улмаас тоосонд даруулаад байгаа аж. Тус компанийн ерөнхий захирал М.Ариунаа "Ер нь хэчнээн сайхан инноваци байлаа гээд санхүүгийн асуудлаа шийдэхгүй бол зах зээлд удаан амьдарч чадахгүй. Тиймээс улс орны нэрийг гаргах инновацийн төслийг төрөөс санхүүжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй" гэв. Гэтэл зарим оролцогчид үйлдвэрлэгчдийг төрөөс мөнгө горьдоод сууж байгааг эрс буруутгаж, харин хөрөнгийн зах зээлд гараад өөрсдөө хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй гэж байлаа. Аль аль нь хөрөнгө оруулалтын хувьд боломжийн санаа хэдий ч бүтэхгүйн зовлон их. Адаглаад дотоодын зах зээлдээ ч танигдаагүй бүтээгдэхүүнд итгэж хөрөнгө оруулах хувь хүн ховорхон.

Дотоодын хөрөнгийн зах зээлд IPO хийлээ ч монголчууд хувьцааны тухай мэдлэг тааруу болохоор үйлдвэрлэгчид хөрөнгийн зах зээлд сүжиггүй ханддаг аж. Тиймээс инновацийнхны ганц найдвар төр гэнэ. Гэтэл төр бондын мөнгөөр инновацийн үнэргүй хэдэн зуун төсөл санхүүжүүлээд байгаа нь харамсалтай. М.Ариунаа "Төрөөс импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих нэрээр оймс бээлийний үйлдвэрт хөрөнгө өгөөд байгаа мөртлөө мэдлэг шингэсэн үйлдвэрлэл эрхэлдэг биднийг дэмжихгүй юм. Уг нь тэр төсөл шалгаруулдаг багт нь энэ талын мэдлэгтэй хүн байвал монголчуудын мөрөөдөл биелэнэ" хэмээн учирласан. Инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд асар их мөнгө хэрэгтэй байдаг. Тиймээс мөнгө хайсан эрдэмтэд сайхан санаатайгаа тааз ширтээд сууж байгааг учирлах хүн олон. Харин олон улсын туршлагаас харахад нэг ч төгрөг зарцуулахгүйгээр мэдлэг шингэсэн үйлдвэрлэл, эдийн засагтай болох боломж байдаг юм байна.

Тэр нь оффсет буюу харилцан худалдан авалт. Энэ талаар багахан тайлбар хийхэд Монголын үндэсний хэмжээний томоохон компани гаднын компаниас их хэмжээний бараа худалдан авч байгаа бол худалдан авалт хийсэн орондоо тодорхой хэмжээний бараа материалыг буцаан худалдах тохиролцоог ерөнхийд нь оффсет гэж нэрлэдэг юм билээ. Монголын үндэсний их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал Д.Нэргүй "Монгол Улсын эдийн засаг хөгжихийн хэрээр уул уурхай тэргүүтэй дотоодын олон салбар гаднаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа. Тиймээс нийт худалдан авалтын үнийн дүнгийн 30 хувиар оффсет хийнэ гээд хуульчлах боломжтой. Хуулийнхаа хүрээнд бид үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний үйлдвэр үйлчилгээг эх орондоо оруулж ирэх нөхцөл бүрдэх юм" гэв.

Мөн түүний тайлбарласанаар ийм хуультай болчихвол монголчууд ямар ч татвар төлөхгүйгээр гаднын технологи эзэмшигч болчихно. Тухайлбал, МИАТ "Бойнг" онгоц худалдан авахдаа оффсет хийсэн бол үнийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний онгоцны технологийн баазыг эх орондоо бариулах боломжтой байжээ. Ганцхан жишээ дурдахад Кувейт улс оффсет хэлцэлийн үр дүнд "Бойнг" онгоцны засварын төвийг өөрийнхөө улсад нэг ч төгрөг төлөхгүйгээр бий болгосон байдаг аж. Өнгөрсөн жилийн "Financial times" сонины нэгэн дугаарт дэлхий дахинд хийж байгаа нийт оффсетийн хэмжээ 75 тэрбум ам.доллар байгаа гэжээ. Тиймээс энэ их мөнгөний багахан хэсгээс монголчууд авч яагаад болохгүй гэж.

Боломж бий, гэхдээ Ерөнхий сайд татгалзсан

Мөнгө нэхээд байгаа ч Монголд хөрөнгө оруулах инноваци алга гэж шүүмжлэх хэсэг байж магадгүй. Гэхдээ Монголд инновацийг бүтээгчид бий гэдэг нь дээрх салбар хуралдааны үеэр харагдаж байлаа. Заримаас нь дурдвал Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, "Hitachi" компанид ажиллаж байсан техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяр гээд олон эрдэмтдийг энд дурдаж болно. Тэдэнд инновацийн шилдэг туршлага, шинэ санаа байна. Төрийн соёрхолт инженер Н.Нацагням "Монголчууд дэлхийн зах зээлд гарах боломж байгаа. Өнөөдөр бид чип дизайнаар дэлхийг эзэлж яагаад болохгүй гэж. Хоёр ширээ дүүрэн схемийг нэгтгээд ганцхан ширхэг жижигхэн товчлуур буюу чип болгох чадвар монгол эрдэмтдэд байна шүү дээ. Гэтэл бид түүнийгээ ашиглаж чадахгүй байна" гэв. Ер нь энэ талын эрдэмтдийн хэлж байгаагаар чип дизайны тал дээр Монголд маш өндөр боломж байгаа гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Учир нь манайд чип хийж байсан туршлагатай эрдэмтдээс гадна чипний түүхий эд нь хүртэл байдаг аж. Чип гэлтгүй Монголчууд "ноу хау"-гаа дэлхийн зах зээлд зарах цаг хэдийнэ иржээ. Техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяр "Хоцрогдол нэг бодлын давуу тал. Гаднынханд том үйлдвэр байна. Харин бидэнд байхгүй гээд санаагаар унах хэрэггүй. Харин гоё санааг нь гаргаад л тэр санаагаа тэдэнд худалдаж болно шүү дээ. Тухайлбал, бид дотооддоо комьпютер үйлдвэрлээд хол явахгүй. Харин хаана ч байхгүй комьпютерын санаа, хэлбэр загвар гаргаж чадвал дэлхийн үйлдвэрлэгчид өрсөлдөөд л авна" гэв. Харин тэр сайхан санааг нь ажил хэрэг болгоход инноваци хөгждөг тогтолцоо чухал байдаг аж. Гэтэл Монголын өнөөгийн зах зээлийн тогтолцоо нь энэ салбарыг автоматаар нураагаад байгаа гэнэ.

Н.Нацагням "Аль ч зах зээлд гарахын тулд бид эхлээд дотоодын зах зээлдээ амжилттай ажиллах хэрэгтэй. Үүний тулд тухайн зах зээлийг төр засгаас хамгаалчихмаар байгаа юм. Тухайлбал, би эх орондоо гар утас үйлдвэрлэж чадна. Магадгүй хөгжүүлээд чихэнд ордог хэмжээтэй болгох боломжтой. Гэтэл үүний тулд дотоодын зах зээлдээ ашиг олох хэрэгтэй байдаг. Гэвч манайд импортоор маш их гар утас орж ирээд зах зээлийг эзэлчихээд байхаар би гар утас үйлдвэрлээд ашиг олохгүй шүү дээ. Тиймээс дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дотоодын үйлдвэрлэл автоматаар унаад байгаа юм" гэлээ.

Тэрбээр энэ саналаа Ерөнхий сайдад уламжилжээ. Гэтэл Ерөнхий сайд "Чөлөөт зах зээлд монополь эрхийг шууд өгч болохгүй. Өрсөлдөөний зарчмаар гарч ирэх хэрэгтэй" гэсэн байна. Ерөнхий сайдын үг зөв юм шиг боловч түүх сөхөхөд өнөөдөр хөгжлөөр тэргүүлэгч бүх л улс өдий зэрэгт хүрэхийн тулд дотооддын үйлдвэрлэгч нарт зах зээлийн монополь эрхийг өгч байсан түүхтэй юм билээ. Ганцхан жишээ дурдахад Английн "English electric" компани улсынхаа усан онгоц, танк, нисэх онгоц гээд бүх тоног төхөөрөмжийг дангаараа хийдэг. Улсаас нь тэр компанид л бүх захиалгаа өгдөг байжээ. Тэрний хүчинд өдгөө "English electric" компани дэлхийн зах зээлд тэргүүлэгч болсон.

Ер нь монголчууд нэгэнт хөгжчихсөн баян капитлизмыг дуурайх биш харин тэд хөгжихийн тулд 100 жилийн өмнө ямар хууль эрх зүйн орчинтой байсныг нь судлах хэрэгтэйг ч оролцогчдын зарим нь хэлж байлаа. Гадаад, дотоодод төгссөн инженерийн толгойтой залуус хөгжлийг арай өөрөөр хараад байх шиг ажиглагдсан. Тухайлбал, Н.Нацагням шинэхэн Төрийн соёрхолт залуу хүн болоод ч тэр үү эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцож, салбар хуралдаан бүрт санал бодлоо хэлж байсан. "Шийдэл нь инноваци" салбар хуралдааныг удирдсан тэрбээр "Монголын өнөөгийн нийгэм хуулиар биш лоббигоор хөгждөг юм байна. Лобби байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ сая зах зээлээ хамгаалуулж дотоодын үйлдвэрлэгчид хөгжих суурь бүрдэнэ". Мөн "Лордын тогтолцоог Монголд бий болгох хэрэгтэй. Юу яасан чөлөөт зах зээл" гэж байсан юм. 

Ерөнхий сайд нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэйг сануулж, Монголбанк нь үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд хэдэн тэрбумаар нь зах зээлд төгрөг нийлүүлээд, Засгийн газар нь зээл тавьж санхүүжилт өгөөд өгөөд зах зээлээс хамгаалж чадахгүй бол монголчууд импортод дулдуйтсан байдлаасаа ангижирч чадахгүйг салбар хуралдаанд оролцогчид учирлаж байлаа.

Монголд мэдлэгийн их уурхай байна. Гэхдээ түүнийг нь санхүүжүүлэх мөнгө нь, төр засгаас ухаалгаар дэмжих бодлого нь алга. Тиймээс нүүрсээ биш, ухаанаа ухаж идэх мөрөөдлөө биелүүлэхэд төрийн дэмжлэг, зохицуулалт дутаад байгааг эдийн засгийн чуулганы "Шийдэл нь инноваци" хуралдаан харууллаа.

Э.Зоригт

"Mongolian Economy" сэтгүүл