228 ширхэг тарваганы арьс хилээр гаргахыг завджээ
2014/11/10
Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг хэдий боловч хууль бус үйлдэл буурахгүй байна.
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар 2014 оны 11-р сарын 09-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-руу гарах урсгалд зорчиж байсан УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд 228 ширхэг тарваганы арьс нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт, шалгалтаар илрүүллээ.
Тухайн тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан нь гэмт хэргийн шинжтэй уг үйлдэл урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай болохыг илтгэж байгаа юм.
Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.