Баримт 3
Оюутолгой Петровист 3 тэрбум 400 сая төгрөг анхан шатны баримтгүй шилжүүлсэн...


/ Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай! /
...Петровис ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар:


Петровис ХХК-тай 2007 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх А2МW-90-K411 гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компаниас нийлүүлж байгаа шатахууны үнэ нь бөөний бус жижиглэнгийн үнэ, түүнээс ч өндөр байхад шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбоотой гарч буй Петровис ХХК-ийн ажиллагсдын цалин, даатгал зэрэгт гарч буй 20.0-50.0 сая төгрөгий зардлыг сар бүр гаргаж хөрөнгийг үрэлгэн зарцуулж тэр хэмжээгээр зардлаа өсгөсөн байна.


Оюутолгой ХХК нь 2012 онд өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй гаднын байгууллагын хөрөнгийн засварт гэж их хэмжээний мөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Петровис ХХК-ийн Бор-Өндөр, Чойр дахь бөөний агуулахын засварт гэсэн зориулалтаар Оюутолгой ХХК-ийн ажилтан John M.Jones ийн /Senior Vice President Capital Expansion Programme/ шийдвэрээр 2,974,9 сая төгрөгийг 2012 оны 6 сарын 3-нд шилжүүлсэн нь анхан шатны баримтгүй, хөрөнгийн зарцуулалт  тодорхой бус, 2012 оны 6-р сарын 23-нд тээврийн зардалд гэсэн тайлбартайгаар 408,3 сая төгрөг Петровис ХХК-д тус тус шилжүүлсэн нь анхан шатны нотлох баримтгүй байгаа нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв шалгах үндэслэл болно”, 7.4-т “аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагаанд гарсан хөрөнгө, үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” 7.7-д “анхан шатны баримтгүй ажил үйлчилгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно”, мөн 20.1.7-т заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг хориглосон заалтуудыг тус тус зөрчжээ...


Тайлбар: Нэгэнт монголчууд анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг өндөр хүүтэй зээлээр төлж байгаа учраас бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалт, үнэ өртөг, түүнтэй холбоотой зардлыг мэдэж байх учиртай юм. Оюутолгойд Монголын нэг л компани монополь эрхтэйгээр шатахуун нийлүүлдгийг бид энэ шалгалтын материалаас мэдэж авлаа. Гэвч Монголын компани юм байна гээд үүнийг үл өгүүлэн шалгалтад дурдагдсан баримтуудад анхаарал хандуулцгаая.
Петровис компани Оюутолгойд шатахуун нийлүүлэхдээ бөөний бус жижиглэнгийн үнээр, түүнээс ч өндөр үнээр нийлүүлдэг юм байна. Жижиглэнгийн үнэ бол уг бүтээгдэхүүнийг худалдан авсан анхны үнэ дээр нэмээд тээврийн зардал, төлсөн бүх төрлийн татвар хураамж, ажилчдын цалин хөлс гээд эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх өртөг  зардал шингээд, бас ашиг нэмэгдсэн хамгийн эцсийн үнэ байдгийг мэдэхгүй хүн үгүй. Тэр хамгийн эцсийн үнийг төлсөн хирнээ дээрээс нь нэмээд тус компанийн ажиллагсдын цалин, даатгал, тус компанийн орон нутгийн агуулахын засвар зэрэгт нэмж мөнгө төлдөг байна. Петровис гэдэг хувийн компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, агуулахын засвар үйлчилгээг ч бид өндөр хүүтэй авсан зээлээрээ өдийг хүртэл төлж байгаа юм байна.


Мөн түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн наад захын шаардлага хангаагүй буюу юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр “Петровис” ХХК-д шилжүүлсэн 3,4 тэрбум төгрөг хэнд очиж юунд зарцуулагдсаныг АТГ, холбогдох газрууд шалгах шаардлагатай болж байна.


/Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн материалаас түүвэрлэн 2 дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх материалуудыг http://www.sonin.mn/blog/uyanga/32200 болон http://www.facebook.com/setguulchuyanga/posts/611208128990016:0 , http://www.sonin.mn/news/politics-economy/34721 хуудаснаас олж үзнэ үү/

УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга