Хоёр өдөр үргэлжлэн хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлын шийдвэрийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар хэвлэлийнхэнд танилцууллаа.

 Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн  тус намын бүлгийн хурлын ирц хангалттай байсан бөгөөд санал хураалтад 27 гишүүн оролцсон байна. Санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр цааш хэлэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлаар бүлэг ямар нэг зөрчилгүйгээр нэгдсэн шийдвэрт хүрсэн гэв. Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нь  улс орныг эдийн засгийн хямралаас гаргаж чадах хамгийн чадварлаг боловсон хүчин хэмээн сонгож тодруулсан гэдгээ ч онцолсон юм.

Бүлгийн шийдвэрийг АН-ын дарга Н.Алтанхуяг намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд уламжлах юм байна. Түүнчлэн Засгийн газрыг байгуулах асуудлаар бүлгээс ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг томилжээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн УИХ-д суудалтай намуудтай Засгийн газрыг байгуулах асуудлаар хэлэлцээ хийх аж.

Б.Туул