Монгол тулгатны 100 эрхэм – Н.Энхбаяр /видео/
2014/11/18
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Херо” энтертайментээс бэлтгэн гаргадаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг оролцлоо. Тэрээр нэвтрүүлгийн үеэр 2008 оны үймээнээр хэрхэн яаж ажилласан, ОХУ-д тавьсан их өрийг хэрхэн тэглэсэн тухай, шүүхээс түүнийг ямар хэрэгт буруутгаж ялласан, хоригдож байх үе, өлсгөлөн зарласан тухай, 2012 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй, АН-тай байгуулсан гэрээ гээд өөрийг нь тойрсон бүх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Нэвтрүүлгийн эхэнд Н.Энхбаяр өөрийгөө хамгийн азтай хүн гэдгээ хэллээ. Тодруулбал, “Би хамгийн азтай хүн. Өөр хүн хүсээд ч над шиг байж чадахгүй. Би Ерөнхийлөгч ч байж үзлээ, шоронд ч орж үзлээ” гэж тодотгоод “болсон үйл явдалд гомдолтой байдаг ч хэн нэгнийг өөрийнхөө туулсныг туулуулж хариу авах бодол алга, харин Монгол Улсаа хөгжүүлж л өшөөгөө авна” гэсэн сонирхолтой бодлоо дэлгэв.
Н.Энхбаяр: Намайг мэдлэг чадвар хүрээгүй гэж сонгуульд оролцуулаагүй
2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг СЕХ-ноос дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ тухай Н.Энхбаяр “СЕХ-ноос намайг мэдлэг чадвар хүрэхгүй гэдэг шалтгаанаар хасаад хаячихсан ш дээ. Би Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, их өрийн асуудлыг тэглэж байхдаа, хууль барьж байхад мэдлэг чадвар хүрээд л байсан. Гол нь намайг УИХ-ын гишүүн болгохгүй гэсэндээ шоронд явуулах төлөвлөгөөгөө боловсруулсан байдаг” гэлээ.
Хуулийнхан Н.Энхбаяраас уучлал хүсчээ
МАХН-ын дарга Н.Энхбаярт гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон байдаг. Н.Энхбаяр яг нэг жилийн хугацаанд хоригдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан юм. Энэ тухай тэрээр “Багийн бичсэн зохиолоор намайг хэлмэгдүүлсэн. Шүүх хурал нээлттэй болсон учраас ард түмэн үнэнийг мэдсэн. Хэрвээ хаалттай болсон бол ард түмэн намайг нээрээ их мөнгө төгрөг идэж уусан юм билээ гээд буруу ойлгох байсан. Надтай холбоогүй хэргээр намайг ялласан байдаг. Нурсан байшингийн газарт манай дүүгийн компани холбогдсон. Тэглээ гээд дүү нь холбоотой юм чинь Н.Энхбаяр холбоотой гэж ойлгож болохгүй. Ах дүү хоёрыг нэг субьект болгож ялладаг үе Сталины үе. Хуулийнхан дээрээс өгсөн даалгавраар ингэж байна. Уучлаарай гэдгээ хэлдэг. Даалгавар биелүүлэхгүй бол ажилгүй болох гээд байна гээд үнэнээ хэлдэг” гэв.
Н.Энхбаяр: Намайг хошногоор минь хооллох гээд байсан учраас салаавч гаргасан
Н.Энхбаярыг авлигын хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангид саатуулж байхад тэрээр хуурай өлсгөлөн зарласан байдаг. Энэ тухай “Би заавал 21 хоног хуурай өлсгөлөн зарлана. Түүний дараа үхэх эсэх нь хамаагүй. Гол нь сэтгэл. Би үнэн юмны төлөө тэмцэж байгаа шүү гэсэн сэтгэл. Үнэн зүйлийн төлөө тэмцвэл давах юм билээ. Шударга зүйлийн төлөө тэмцсэн болохоор эхнэрээ ч, ээжийгээ ч, гэр бүлээ, охиноо ч бүгдийг нь тоохгүй тэмцсэн. Ээж, эхнэр, охин, гэр бүл маань бүгд хямралтын байдалтай байсан” гэсэн юм. Мөн Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж байх хугацаандаа хуулийн байгууллагын ажилчид руу салаавч гаргасан байдаг. Тэрээр салаавч гаргасандаа ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйсан юм. Учир нь хуурай өлсгөлөн зарлаад амь насаараа дэнчин тавин тэмцэж байхад нь шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан хүчээр хоол идүүлэх гэж их оролдсон. Эхэндээ бууз тавиад үнэртлүүлж байсан бол сүүлдээ дарж хэвтүүлж байгаад шулуун гэдсээр нь /бөгсөөр нь/ тэжээл шахахыг оролдсон болохоор тэвчээр барагдаж тэмцэж, эсэргүүцэж ийнхүү салаавч гаргасан гэлээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Касьянов хурлын протоколоо Ё.Отгонбаяр, С.Батболд руу авч шийдэж байжээ
ОХУ-д тавьсан их өрийг тэглэсэн нь МАХН-д 72 суудал өгсөн ард түмний гавьяа гэж Н.Энхбаяр хэллээ. Тухайн үеийн гэрээ хэлэлцээр маш амаргүй явагдаж байсан гэнэ. ОХУ-ын Ерөнхий сайд Касьянов хурлын протоколоо Ё.Отгонбаяр, С.Батболд руу авч шийдэж байсан тухай Н.Энхбаяр дурдсан юм. Нийт өрийнх нь 95 хувийг хөнгөлж, 5 хувиа төл гэж байхад зөвшөөрч яах гээд байгаа юм гэх мэтээр маш ширүүн байсныг тэрээр эргэн дурсав. Мөн хэлэлцээрт оролцож байсан бусад бүх нөхөд нь бууж өгч “ОХУ-ын байр суурийг хүлээн зөвшөөр, бүхэл бүтэн 95 хувиа хөнгөлүүллээ. Үүнээс илүү яах гэсэн юм” гэж Н.Энхбаярруу дайрч байсан гэв. Тэдний гол төлөөлөгчид нь С.Баяр, Ж.Бямбадорж нар ажээ. Харин Н.Энхбаярын нүдэнд буусан эмгэн, өвгөн хоёрын дүр хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн болохоор гүрийж суусаар байгаад 98 хувиа хөнгөлүүлж чадсан гэж хуучиллаа. Тэр эмгэн өвгөн ямар хүмүүс байсныг санахгүй ч, ард түмэн минь ингээд бүлтийтэл харж байгаа гэсэн бодол хатуу байсан гэв. Ийнхүү тэрээр их өрийг тэглэхэд ганцаараа хамгийн хатуу байр суурьтай байсан. Бусад нь бууж өгөөд байсан гэдгийг онцлов.
Ц.Нямдорж уйлчих шахаад гуйж явсан
МАХН 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонхи болоход Ерөнхийлөгч Н.Багабандидуудаж уулзаад “Ц.Нямдоржтой холбоотой хятадын тусгай албатай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр наад хүнээ хууль зүйн сайд болгож болохгүй” гэсэн саналаа хэлж байсан тухай тэрээр өгүүлэв. Харин тэрээр Ц.Нямдоржийг дуудаж уулзаад “Чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түтгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү гэхэд “Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан” гэж хуучиллаа. Гэтэл хожмоо түүнээс уйлагнан гуйж явсан Ц.Нямдорж түүнийг баривчлуулсан бололтой. “Бүх юмыг Ц.Нямдорж зохион байгуулсан шүү дээ” гэж О.Цолмон хатагтай хэлж байлаа. Энэ мэтээр түүний оролцсон нэвтрүүлэг нэлээдгүй улстөрчдийн намтарын нууцыг дэлгэж байна. Харин түүний ярианд нэр холбогдох эрхмүүд ямар тайлбар, хариу үйлдэл үзүүлэх нь сонирхолтой байна.
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар хамтдаа хүүхдүүдээ эмнэлэгт сахиж байжээ
Нэвтрүүлгийн үеэр бусдын мэдэхгүй нэгэн нууцыг МАХН-ын дарга Н.Энхбаяр задаллаа. Тодруулбал, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар эмнэлэгт хүүхдүүдээ хамт сахиж байсан тухай байв. Энэ тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр “Миний охины бие муудаж, би охиноо эмнэлэгт сахиж байсан. Тэр үед Ц.Элбэгдоржийн хүүгийн бие бас тааруу хамт эмнэлэгт сахиж байсан. Тэгээд би Ц.Элбэгдоржид хүүхдүүдийн нэрний асуудлаар ламд очиж үзүүлье гээд лам дээр очсон. Лам миний охинд Цэрэндулам, Ц.Элбэгдоржийн хүүд Цэрэнжамц гэдэг нэр хайрласан. Гэвч охин минь өөд болсон” гэж хоолой зангируулан ярьлаа.
Н.Энхбаяр: АН-ынхан яагаад заавал хямрахыг хүсээд байгаа юм бэ
Нэвтрүүлгийн төгсгөлд тэрээр АН-ын дарга Н.Алтанхуягтай байгуулсан гэрээнийхээ талаар дурдлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан даруйдаа БНСУ-ыг зорьсон. Жил гаруйн хугацаанд эх орондоо ирээгүй тэрээр өнгөрсөн аравдугаар сард ирж, АН-ын дарга Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулаад буцсан. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсон нь Н.Энхбаяртай хийсэн гэрээтэй холбоотой. Тиймдээ ч ааруул идэж, агаар амьсгалах гэж ирсэн Н.Энхбаяр АН-ыг самраад буцлаа гэж ард иргэд үзэх болсон. Харин энэ тухай Н.Энхбаяр “Би Н.Алтанхуягт хайр зарлаагүй. Мөн АН-ынханд та нар яагаад заавал хямрахыг хүсээд байгаа юм бэ. Цөөхөн монголчууд учраа олоод явъя л даа. Тэгээд тогтвортой урагшаа явмаар байгаа юм” гэж тайлбарласан юм.
Юутай ч Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлэг нэлээн дуулиан дагуулж байна. Хүн бүр өөр өөрсдийн үзэл бодлоо олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн байна. Харин нэвтрүүлэгт нэр дурдагдсан эрхмүүд Н.Энхбаярын талаар байр сууриа илэрхийлээгүй байна.
Монгол · 2016/04/17
Жинхэн ледер н Энхбаяр
Цэцээ · 2016/04/17
Гайхамшигтай н Энхбаяр ледер хучтэй Улс торч