Үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа “Мухар гудамж” уран сайхны киноны албан ёсны анхны трейлэр өнөөдөр цацагдлаа. “LVA” энтертайнмэнтийн дэлгэцийн 4 дэх бүтээл “Мухар гудамж” кино нь адал явдалт, драмын төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөндөх сэдэв, үзэгчдэд хэлэх гэсэн санаа, агуулга, хийцээрээ өмнөх бүтээлүүдээс ялгарах онцлог ихтэй.

Кино зохиолыг жүжигчин Д.Лхагва найруулагч Д.Баярсайхантай хамтран бичихээс гадна продюсерээр ажиллажээ. Харин киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар “IDEA SOURCE” студийн О.Эрдэнэбат ажилласан байна. Түүнчлэн жүжигчдийн хувьд, гол дүрд, жүжигчин Д.Лхагва, ОХУ-ын Буриад улсын дуучин, жүжигчин Дулма Сунрапова, жүжигчин С.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Дарамсүрэн, МУГЖ Ж.Равдан нарын уран бүтээлчид оролцон тогложээ.  

Хүмүүсийн амьдралд хамгийн ойр хийгээд хүртээмжтэй сэдвийг тусган дүрсэлсэн тус бүтээл монголын өнөөгийн нийгмийн амьдралын бодит өнгө төрх, биднийг мухардалд оруулж буй олон хүчин зүйлсийн тухай үнэн мөнийг дэлгэх бөгөөд энэ сард нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Харин өнөөдөр “Мухар гудамж” киноны шинэхэн трейлэрийг хүргэж байна. Эндээс та бүхэн “Мухар гудамж”-тай анхлан танилцаж, киноны өнгө төрх, уур амьсгалыг илүү ойроос мэдрээрэй.

Хүн бүр үнэнч шударга, зөв замаар амжилт, аз жаргалд хүрэхийг хүсдэг. Гэвч өнөөгийн нийгмийн салбар бүрт асуудал, саад бэрхшээл хүсээгүй ч тулгарч, эцэст нь мухардалд орох хүндхэн үетэй нүүр тулдаг.