Норовын хүү Алтанхуяг Ерөнхий сайдын сэнтийд морилсоноосоо хойш монголын хуулийг гууль болгож буй. Үүнийг нь хүн бүр мэдэж байгаа боловч, намын нөхөд нь цээжээрээ хамгаалсаар байгаа юм.

Гэхдээ ийнхүү хамгаалах тусам өөрийгөө хууль зөрчиж болно. Дураараа дурьгаж, дунд чөмгөөрөө жиргэж болно хэмээн андуурсан бололтой юм. Өнгөрсөн бямба гарагийн засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилов.
 

 Б.Ариунсангийн хувьд Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

 
Түүнийг 2013 оны гуравдугаар сарын дундуур ажлаас нь чөлөөлсөн. Учир нь иргэн Д.Ламжав Ерөнхий сайдын Б.Ариунсанг ТЕГ-ын дэд даргаар томилсон захирамж Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзэн Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан билээ. Цэц иргэний гомдлыг хүлээн авч хурал товлоод байсан боловч хурлын өмнөх өдөр Ерөнхий сайд өөрийн захирамжаа хүчингүй болгосон шийдвэрийг гаргаж, цэцэд зөрчилөө арилгасан гэдгийг мэдэгдсэн юм.
 

Ийнхүү дэд даргаар нь хууль зөрчин байж томилсон асуудлаа залруулж байсан. Гэтэл яагаад өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын даргаар нь тавьчихав? Угтаа бол ТЕГ үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал газар. Гэвч ийм газрыг албан тушаалын наймаа болгож байгааг нь зөвтгөх аргагүй.  Суга өсөж, ТЕГ-ыг толгойлож байгаа Д.Ариунсан амралтын өдрөөр яарч сандран ажлаа авч, түүнийг томилогдсонтой холбогдуулан Н.Алтанхуяг ТЕГ-т морилж, нийт бие бүрэлдэхүүнд үүрэг даалгавар өгч ажлын амжилт хүссэн байгаа юм.
 

Ардчилсан нам дотроо олон фракцтай. Хуулийг уландаа гишгэн байж, өөд нь зүтгүүлээд байгаа Д.Ариунсангийн хувьд “Алтангадас” фракцийн гишүүн. Н.Алтанхуяг түүнийг мэргэжил, мэдлэгийг нь харгалзахгүйгээр том бялуу хүртээж ирсэн тухай хэвлэлийн хуудаснаа мөнхөрсөн биз. Тэгэхээр Н.Алтанхуяг өөрийн гарын хүнээ ТЕГ-луу зүтгүүлээд байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна вэ гэх хар өөрийн эрхгүй төрж байна. Хэн ч хардах эрхтэй. Европын хужаад хүртэл эх орныхоо үүд хаалгыг нээж, найр тавиад байгаа Ерөнхий сайд үндэсний аюулгүй байдалтай холбоотой газрыг яагаад сонирхоод байна вэ? Норовын хүү Алтанхуяг дахиад л хууль дээдлэх зарчмыг зөрчөөд байгаа юм биш үү...Өөрийг нь огцруулах асуудал яригдаж байх үед дэд даргаар томилсон захирамжаа хүчингүй болгосон хүн өнөөдөр яагаад асуудал намжингуут Д.Ариунсанг ТЕГ-аар томилчихов оо. Албан тушаалын томилгооны шинэчлэл нь энэ үү. Дэндүү дураараа Норовын хүүгийн савраас ТЕГ-ыг салгаж авах хэрэгтэй юм биш үү... Монгол улсын аюулгүй байдлыг самарчих вий дээ.. Олон арван нууцыг чинь нэг л өдөр өөрийгөө хамгаалах гэж байгаад дэлхийд зарлачих вий дээ хөөрхий.. "Та нар ямар их нууцтай улсав. Би тэр нууцыг чинь мэдэхгүй. Улс орны нууц надаа ямар хамаатай юм" гээд л нэг өдөр пал хийтэл хэлбэл яанам бэ?
 

Н.Чинзориг