ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Даши Намдаковын бүтээл "Чингис хаан"-ы хөшөө өдгөө Лондон хотын төвд байрлах Гайд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бий. Өвөрмөц, уран дүрслэл бүхий энэхүү бүтээлийг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан урласан аж.

4.8 метрийн өндөртэй энэхүү хүрэл хөшөөний бүтээлч Даши Намдаков ярихдаа “Чингис хаан бол суут хүн бөгөөд гайхалтай дайчин байсан. Тиймээс ч тэрхүү шинж чанарыг нь хөшөөгөөрөө дамжуулан илэрхийлэхийг зорьсон” гэжээ. Мөн хөшөөний дотор талд Монгол нутгийн шорооноос оруулсан тухайгаа ч ярьсан байна. 

Түүний бүтээлүүд 1.5 сая ам.долларын үнэ хүрдэг бөгөөд "Чингис хаан"-ы хөшөөг 2 сая ам доллараар "Ажнай" группийн Д.Бат-Эрдэнэ худалдан авч эх орондоо авчрахаар болжээ. Даши Намдаковын уг бүтээл нь Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл байх тухай мэдээлэл ч цацагдаад буй. Юутай ч Эзэн Богд Чингис хааны хөшөө эх орондоо залрах бололтой.