Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед баригдаж байгаа барилга байгууламжийн хоорондын зай талбай ихээр зөрчигдөж байна. Ер нь хууль журамдаа ямар байдаг вэ?

-Барилга хоорондын зайг Хот байгуулалтын хууль буюу барилгын норм дүрэмд нарийн заасан байдаг. Энэ норм дүрмийг хот суурины төлөвлөлт, орон сууцны барилгын норм төлөвлөлтийн дагуу барилгын давхараас хамаарч хийдэг.

Мөн гал, гэрэл сүүдрийн норм зэргийг баримтлан ажиллаж байна. Ер нь 2012 оноос хойш барилга хоорондын зай талбайн асуудал нэлээд цэгцэрсэн байгаа.

-Хэрхэн цэгцэрсэн бэ?

-Барилга барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө зургаа хийж ирээд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирж батлуулж, зураг дээр ярилцдаг байсан. Харин үүнийг больж газрын зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага манайд хүсэлтээ өгдөг болсон.

Хүсэлтээ тавьж, ямар зориулалттай ямар хэмжээтэй барилга байгууламж барих гэж байгаа тусгай хүснэгтийн дагуу бөглөж өгдөг болсон. Тухайн хүснэгтийг манай мэргэжлийн хүмүүс авч үзэн судлаж, норм дүрэм хэдий хэмжээтэй бариулж байгаа вэ, мөн ямар норм баримтлах ёстой вэ гэдгийг зөвлөлийн хурлаар оруулдаг. Иймээс алдаатай зүйл гардаггүй.

Ер нь сүүлийн үед цонх сүүдэрлэж барилга барилаа, байрыг үнэгүйдлээ гэдэг асуудлууд цэгцэрч байгаа. Гэхдээ ганц, хоёр барилга дээр ийм асуудал байгаа. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы хойно барьсан иргэн Зундуйн барилга гэх мэт хэл амтай барилгууд байна.

Энэ барилга барих шийдвэр 2013 оноос өмнө гарсан байгаа. Бид үүнийг судлаж үзэж, иргэд болон аж ахуйн нэгжид хохиролгүй байхаар зай хэмжээг авах арга хэмжээг аваад явж байгаа. Ер нь нийслэлийн Иргэдийн хурлаар батлагдсан журмын дагуу ажиллаж байгаа.

-Нэлээд цэгцэрсэн гэлээ. Өнгөрсөн онуудтай харьцуулахад?

-Өнгөрсөн 2012 онд нийслэлййн Мэргэжлийн хяналтын газраас тоо гарсан байгаа. Нийслэлийн хэмжээнд 100 гаруй зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдсан барилга байдаг гэдэг.

Харин үүнийг энэ онд тоолж, шалгаж үзэхэд зөвшөөрлөө хагас авсан есөн аж ахуйн нэгж байна. Үүнээс харахад бидний хийж байгаа ажил тодорхой хэмжээнд үр дүнтэй хийгдэж байгаа юм.

-Тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй барилга байгууламж нэлээд баригдаж байна. Мөн баригдаж байгаа барилгууд нь зураг төслөө өөрчилж барих асуудлууд гараад байдаг?

-Нийслэлийн тусгай хамгаалалттай газар нутаг, Байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутаг гэж байгаа. Эдгээр газруудад баригдаж байгаа барилга байгууламжийн асуудлыг 2013 оноос хойш нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байгаагүй юм байна лээ.

Иймээс 2013 онд нийслэлийн Засаг дарга Байгаль орчин ногоон хөгжлийн сайдтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байгаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газар дээр аялал жуучлалын зориулалтын барилга байгууламж барих ёстой гэдэг асуудлыг хурлаар оруулж шийдвэрлэж байгаа.

Хурлаар ороод дэмжигдсэн материалыг Байгаль орчны тусгай хамгаалалттай газрын дарга Н.Эрдэнэчимэгтэй зөвшөлцөж байгаа. Иймээс тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй, зориулалтаа өөрчилж барилга барих асуудал цэгцэрч байна.

-Зөрчилтэй баригдсан барилгууд ч нэлээдгүй байдаг шүү дээ?    

-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Харин тусгай хамгаалалттай газар нутагт тусгай хамгаалалттай хуулиар явдаг учраас бид очиж хяналт тавих боломжгүй байсан. Мөн Мэргэжлийн хяналтын газар ч гэсэн хяналт шалгалт хийж чаддаггүй байсан юм.

Харин одоо санамж бичиг байгуулснаас хойш хяналт тавьдаг болсон. Зөрчилтэй баригдсан барилгууд байдаг байсан. Харин одоо бол цэгцэрч байгаа. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн хэрнээ зориулалтаа өөрчилж, орон сууцны барилга байгууламж барьсан тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага шалгана.

Манайх ерөнхий төлөвлөгөөгөө хийж явдаг. Хэрэв Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч төлөвлөгөө өөрчлөгдсөн асуудал байх юм бол манайхаас зөрчлийг арилгуулах тал дээр арга хэмжээ авна.

-Танайхаар зураг төслөө батлуулчихаад барилгаа барихдаа өөрчилж барилга байгууламж барьсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Манайхаас дүүрэг хариуцсан архитектор, газар зохион байгуулагчид хяналтаар явдаг юм. Мөн манайхаас дэд бүтэц, хяналтын алба гэж явж байгаа. Зураг төсөл болон хэмжээ томруулж барьсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг журам дээр тодорхой заачихсан байгаа. Үүний дагуу явагдана. 

Мөн дэд бүтцээр хангагддаг ус, цахилгаан, дулаан болон инженерийн шугам сүлжээний байгууллага руу албан бичиг явуулна. Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа компанийн тог цахилгааныг таслана.

Хэрэв бидний авч байгаа арга хэмжээг хэрэгжүүлэхгүй тохиолдолд тухайн байгууллагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

-Макс өргөө ХХК-ийн буюу Тэнгисийн хажууд баригдаж байгаа барилга замд нэлээд ойрхон баригдаж байна. Энэ барилга журам зөрчиж баригдсан биз дээ?

-Замын улаан шугамнаас 12-40 метрийн зайд байх ёстой. Мөн замынхаа ачаалал, өргөний байдлаас хамаарч байдаг юм. “Макс өргөө” ХХК-ийн барилга нь зөрчилтэй барилгын тоонд ордог юм. Өмнө батлагдсан зураг төслөөс өөрчилж барилга байгууламжаа барьсан байгаа.

-Зураг төслөө өөрчлөөд барилга байгууламжаа барьчихсан байхад танайхаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм уу?

-Манайхаас зураг төслийг нь хүчингүй болгох арга хэмжээ авдаг. Зураг төслөө томруулан баригдсан гэдэг зүйлийг Мэргэжлийн хяналтын байгууллага руу явуулсан байгаа.

-Барилгын чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагууд хэр уялдаа холбоотой ажилладаг вэ. Ер нь ямар нэгэн асуудап гарахаар нэг рүүгээ түлхэх тохиолдол нэлээд байдаг?

-Нийслэлийн хэмжээнд ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудал нь манай дээр байгаа. Харин барилгын компаниудад тусгай зөвшөөрөл олгож байгаа асуудлыг яам бодлогынхоо хүрээнд хийх ёстой.

Харин хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж явах ёстой юм. Энэхүү хяналт шалгалтын асуудал манайд хамааралгүй. Бид зөвхөн зураг төслөө хэрэгжүүлэн ажилладаг.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: