УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд уг нь даваа гаригт бүлгийн хуралдааныхаа талаар мэдээлэл хийх байсан ч ҮЗХ болон Зөвшилцөх ажлын хэсгийнхний ажлын үр дүнг харах шаардлагатай гэж үзэн хойшлуулснаа хэлсэн. Ингээд улс төрийн нөхцөл байдал болон ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх гол хуулиудын талаар Д.Эрдэнэбат дарга хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орны нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор эв нэгдлээ хангах үүднээс АН улс төрийн шийдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүхэнд эрүүлээр дүгнэлт хийгээд улс орон ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангахад улс төрийн намууд хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэр зөв байсан гэдгийг ойрын хугацааны улс төрийн амьдрал харуулж байна. Үнэнийг хэлэхэд 2012 онд байгуулагдсан УИХ нийт цагийнхаа 61 хувийг зөвхөн албан тушаал, Засгийн газар болон түүний гишүүдийг огцруулах асуудлаар хайран цагаа үрсэн.

   Үүнтэй давхцаад уул уурхайн хямралаас үүдсэн экспортын огцом татралтаас үүсэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал улс оронд бодит зүйл болж хувирсанд бид дүгнэлт хийхээс өөр аргагүй нөхцөл үүссэнийг олон нийт ойлгох байх гэж найдаж байна. Тийм учраас өнөөдөр явуулж байгаа улс төрийн үйл ажилагааг цоо шинэ хандлага руу чиглүүлэхээс аргагүй гарц АН төдийгүй бусад улс төрийн намд үүссэн. Энэ утгаараа өнгөрсөн долоо хоногийн улс төр эрчимтэй өрнөлттэй, харилцан ойлголцлын шинжтэй байлаа. Бидний өмнө хүлээгдэж байгаа ажил олон бий. Хамгийн гол нь бид эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд ямар чиг хандлага руу явах ёстой юм бэ, цаашлаад улс төрийн тогтвортой байдлаа хангахад бидэнд саад болж байгаа олон бэрхшээлийг цэгцлэх цаг хугацааны шалгуур дээр ирсэн гэж бид үзэж байгаа” гэв. Түүнчлэн тэрбээр Засгийн газрын шинэ бүтцийг ямар процессоор батлах талаар хэлэхдээ “Энэ долоо хоногт багтаж, Засгийн газрын бүтцийг ярина. Амжвал өнөөдөр /өчигдөр / Ерөнхий сайд УИХ-д өргөн барих байх. Засгийн газрын бүтцийг гурав хоногийн дотор УИХ-аар батлах ёстой. Үүний дараагаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Хуулийн хугацаа баасан гаригаар дуусгавар болно. Энэ долоо хоногт амжвал сайд нараа томилохыг хичээнэ. Амжихгүй бол ирэх долоо хоногт сайд нараа томилоод засгийн ажил жигдэрнэ” гэлээ. Мөн ирэх долоо хоногоос эдийн засгийг эрчимжүүлэх олон чухал хуулийг эцэслэнэ гэдгийг тодотгосон. Ялангуяа, экспортыг нэмэгдүүлэх, валютын хомсдолыг арилгах, эдийн засгийн тогтвортой чиг хандлагыг эхлүүлэхийг улс төрийн намууд болон шинэ Засмгийн газрын үйл ажиллагааны гол сэдэв байх болно гэлээ. Тийм учраас АН-ын бүлгээс УИХ-д тодорхой саналуудыг гаргаж тавьсан аж. Тухайлбал, ойрын хугацаанд зайлшгүй шийдэх ёстой эдийн засгийн чиглэлийн хуулиудаа бусад хуулиас түрүүлээд хэлэлцэж эхэлье гэдэг санал гаргасан байна. Тийм учраас ирэх долоо хоногт үндсэндээ хүлээлттэй байгаа гол хуулиудыг нэг тийш болгох гэнэ. Үүнд гол хуулиуд нь Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Төрийн өмчийн, Зөвшөөрлийн болон Хяналтын хууль, Өрийн удирдлагын тухай гэх мэт хуулийг цэгцэлнэ. Эдгээр хуулийг хаврын чуулганаас эхлэн хэлэлцсэн ч зогсонги байдалтай байгаа.

   Тиймээс эдгээр хуулийг намрын чуулган дуусахаас өмнө хэлэлцэж дуусахаар тогтжээ Д.Эрдэнбат дарга мэдээллийн үеэр нэгэн зүйлийг онцолсон нь Цаашдаа нэгэнт улс орныхоо эрх ашгийн төлөө намууд ойлголцоод ажиллаж байгаа бол элдэв биенээ гүтгэсэн үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж бид үзэж байгаа. Бие биенээ дэмжиж ажиллах нь монголын нийгэмд ч гэсэн эерэгээр нөлөөлнө. Тиймээс улстөржсөн байдлаа зогсоох цаг болно Улстөржилт зөвхөн өөр хоорондоо эсвэл парламентын танхим дотроо л өрнөх ёстой. Харин нийгэм эдийн засгаа эрчимжүүлж, эв нэгдлээ хангах, байгаа бололцоо нөөцөө бүрэн ашигласан Засгийн газар байгаасай гэж хүсч байгаа Засгийн газрыг олон талаас нь байгуулах хүсэлт байгаа. Гэхдээ бид тэнцвэртэй бодлогыг хангах чиглэлээр ажиллана гэдгээ илэр- хийлж байгаа. Ялангуяа Мэр- гэжлийн гэх томъёоллоосоо илүү инженерийн сэтгэлгээтэй хүн энэ Засгийн газарт түлхүү ажиллах ёстой гэдэг нийгмийн шаардлагыг харгалзах болно. Товчхондоо, шинэ Засгийн газарт энэ хэмжээний бодлоготой яамд бий болгоход улс төрийн намууд нэгдмэл ойлголтой байгаа” гэв.

М.ӨНӨРЖАРГАЛ