Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ
2014/12/08
"Шийдлийн" гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцсэн Их хурлын чуулган дээр Ц.Нямдоржийн хэлсэн үг олон ч хүний дургүйг хүргэв бололтой.
Өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжилж, доог тохуу хийсэн түүний энэ үйлдлийг гишүүд харин инээдэм наргиа, марзаганал мэтээр хүлээн авч наадаан болгоод өнгөрсөн.
Төрийн түшээгийн төрийн ордонд, Их хурлын чуулганы танхимд хэлсэн үг гэр бүлийнхээ хүнийг хэрхэн яаж доромжилж болдгийн, өнөөгийн төр засгийн эрх мэдэлтэн дарга, сайдууд гэргий нартаа, охид эмэгтэйчүүдэд ноён зангаар дээрэнгүй ханддагийн нэг том баталгаа болчихов уу даа.
Ц.Нямдорж "УИХ-д суудалтай бүх намуудад сайдын суудал өгч түүгээрээ дамжуулан гишүүдийн амыг хааж, Их хурал парламент ёсыг байхгүй болгох гэсэн увайгүй оролдлогыг эрс эсэргүүцэж байна. Тийм учраас би үлдсэн хугацаанд сөрөг хүчний байр суурин дээр хатуу зогсох болно" гэдгээ мэдэгдээд "яагаад хүн болгоны саналд нийцүүлэх гэж олон яам, олон сайд оруулж ирж байгаа юм бэ. Өөрт чинь бололцоо байсан ш дээ, Ерөнхий сайд аа. Энэ олон яам хэнд хэрэгтэй юм. Аж үйлдвэрийн яам гээд сонин юм оруулж ирлээ. Яамгүй сайд гээд бас сонин юм байна. Одоо яршиг сайд чинь ийм хамаагүй болсон юм бол энэ яамгүй сайдынхаа суудлыг манай авгайд өгчихөөч. Гончигдорж бид зургаа зургаан сараар ээлжлүүлээд хоёр авгайгаа энэ яамгүй сайдаар чинь ажиллуулъя" гэж тохуутай нь аргагүй хэлсэн.
Чуулганы танхимд, ард олны нүдэн дээр Ц.Нямдорж ингэж эхнэрээрээ доог тохуу хийх ямар хэрэг байсан юм бол. Түүний хэлж буйгаар тэдний гэргий, Гончигдоржийн гэргий сайд хийгээд улс орныг удирдалцаад явчих хэмжээний боловсрол мэдлэг, дадлага туршлагатай хүмүүс биш гэж үү. Ухаандаа, Нямдоржийн гэр бүлийн хүнийг олон түмэн төдийгүй төр засгийн хүрээнийхэн мэднэ. Нийслэл хотын захирагчийн ажлын албаны хүнс, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Монголын төрд туршлагажсан албан хаагчдын л нэг. Гэвч нөхөр нь тохуурхаж даажигнаад, муу муухайгийн жишээ болгоод ярьж байдаг.
Ер нь тэгээд монгол эмэгтэй хүн, эхчүүд энэ сайдын чинь албан тушаалыг хийж болохгүй хэрэг үү. Тэд улс орныг удирдан манлайлаад, аль нэг салбар яамыг аваад явчих нэр нүүргүй хүмүүс юм гэж үү. Эмэгтэйчүүд дарга сайдын албыг хаших тухай яригдах нь төрийн түшээ харчуудад доромж мэтээр ойлгогдож, дээр доргүй иймэрхүү яриа хөөрөө гарган бах таваа хангах болжээ. Түүнийх нь баталгаа шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт Алтанхуягийн кабинетад ажиллаж байсан Ц.Оюунгэрэл, С.Оюун, Н.Удвал нарын сайдууд алга. Оюунгэрэл Соёлын яам ч үгүй болсноо бүр сүүлд мэдэж байх жишээний.
Манжийн үеийн ноёд эхнэрүүдээ боолын боол босгоны шороо мэтээр үзэж, бүсгүй хүн богино ухаантай зэргээр элдэв хоёроор хэлдэг байсныг уран зохиолын номноос уншиж байв. Харин эзэн Чингэсийн үед бол хатдынхаа мэргэн ухаанд түшиглэж хууль цааз хийгээд төр улсаа төвхнүүлэх ажлаа явуулж байсныг Монголын түүхэнд тодорсон гайхамшигт хатдын билиг сургаал, үүх түүхээс бид мэдэх юм.
Нямдоржийн Их хурлын чуулган дээрээс Ерөнхий сайд руу чиглүүлсэн болгоод ард түмэнд хандаж өөрийнхөө эхнэрийг төдийгүй өрөөлийн эхнэрийг доромжилж хэлсэн үг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Түүгээр зогсохгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх учиртай Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ноцтойгоор зөрчлөө.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн хоёрт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялган гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хоёрдугаар зүйлд "Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжид байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй" гэж заасан байдаг.
Хууль тогтоох байгууллагыг толгойлж байсан хүн, Хууль зүйн сайдаар хэдэнтээ сонгогдон ажиллаж байсан хүн ийнхүү Үндсэн хуулиа ноцтойгоор зөрччихлөө. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг харамсалтайгаар зөрчлөө. Гэвч болоогүй, цаана нь хүн ёсны нэг юм бий. Бүхий л насаараа ханилж зовлон жаргал, баяр гунигаа хуваалцан хүмүүний орчлонгийн он жилүүдийг хамтдаа элээж яваа халамжит ханиа ингэж элдвээр хэлэх нь хүн ёсныхоо хувьд байж болох зүйл мөн үү. Хүний ёс жудаг, нас намба гэж нэг юм байна. Дээр нь монгол төрийн түшээгийн ноён нуруу, туйлбартай тулхтай чанар, хэлэх үг, аяг ааш гэж бас нэг юм байна.
Аль ч гаргалгаанаас нь авч үзээд Нямдоржийн энэ үйлдлийг ойлгохгүй л байгаа юм. Адаглаад эхнэр нь уурладаггүй юм байх даа. Орой гэртээ хариад эхнэрийнхээ нүүрийг яаж харсан бол хөөрхий. Ээжийг нь ингэж элдвээр хэлэхэд үр хүүхэд, ач зээ нарт сайхан байгаагүй нь мэдээж. Тэд аавдаа гомдсон байж таараа. Гомддоггүй юмаа гэхэд Их хуралд суугаа харчууд шиг баярлаж, хөөрцөглөөгүй нь лав. Манай төрийн түшээд улс төр хийж тодрох гээд бүр ядчих юм.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал юм уу, чуулганаар олон түмний сонирхлыг татсан улс орны, хүн бүхний хувь заяатай холбоотой асуудал хэлэлцэх үед бүгд л гоё ганган үг хэлэх гээд ангаж цангасан үхэр мал шиг орилолдон дайрцгаана. Телевизийн бүх сувгаар гарах учир бусдаасаа онцгой байх гэж хяналтаа алдан өөрөө өөрсдийгөө "алчих" нь харамсмаар. Амны бөхөө уран гоё мэхээр хаях гэж байгаад нэгийн даваанд уначихсан аваргуудын халаглал байдаг даа. Түүний нэгэн илэрхийлэл Нямдоржийн үг боллоо.
Уул нь Нямдорж гишүүн бол Монголын парламентад хамгийн удаан сууж хууль батлалцсан луугаруудын нэг юм сан. Дэмбэрэл, Гончигдорж, Лүндээ, Нямдорж энэ хэд буруу зөрүү ярих нь бүү хэл сул үг унагах эрхгүйгээр Монголын төрд ширээгдсэн хүмүүс. Бүгд л хууль тогтоох байгууллага-Их хурлыг удирдаж байсан бөхөөр хий нь арилсан улстөрчид. Гэтэл өнөө хий нь гарсан, сул үг ч унагах эрхгүй хашир бурхи чинь буруу зөрүү ярихын дээдийг мэдрүүлж, нийгэмд тодорч л байвал юуг ч хамаагүй ярьж, үйлдэж дэвэн дэлхийгээр цуурч болдгийг өөрийн биеэр харууллаа.
Аргаа барахдаа авгайгаараа хүртэл улс төр хийлээ. Айна, ичнэ гэдгийг ч мартав бололтой. Халдавч хар халзандаа гэдэг шиг ядах нь ээ өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг хавчуулж ирээд элдэв дээдээр хэлдэг нь юув дээ. Гончигдоржийн гэргий "Чиний эхнэр сайд хийж болдоггүй юм байгаа биз. Би яахаараа сайдаар ажиллах нүүргүй хүн бэ. Чуулганы танхимд хэн нэгнийг тэгж хэлэх эрх чамд байгаа юм уу" гэвэл манай хүнд хариулт байна уу. Ингээд бодохоор хүний амнаас гарч байгаа үг бүхэн цаанаа утга учиртай. Улс төр хийнэ гэдэг эхнэр хүүхдээ хүртэл доромжилж эрээ цээрээ алдахын нэр биш байлтай.
Н.ГАНТУЛГА