Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойд зориулж Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ
2014/12/29
Эх орон нэгт Монголчууд аа,
Өнөөдөр туурга тусгаар Монгол Улсын иргэн, өрх бүрийн баярын өдөр. 103 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх түүхэн тэмдэглэлт үйл явдал болсон билээ.
Түүхийн тэр үед харийн эрхшээлд байхдаа эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хамгийн урт хугацаанд баатарлагаар тэмцэж ирсэн Монголчууд цагаагчин гахай жилийн хувьсгалыг хийж, наймдугаар богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулж, төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа тусгаарлан, сэргээж байгаагаа гадаад улс орнуудад тунхаглан сонордуулсан билээ.
1911 оны эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний ХХ зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан бөгөөд өнөөдөр энэ их баярыг бид гүн гүнзгий ач холбогдлоор нь, шинэлэг утга агуулгаар нь дөрөв дэх жилдээ тэмдэглэж байна.
Ард иргэд ээ,
Өвөг дээдсийн маань амьдрал зүтгэл, үнэлэшгүй өндөр үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолоо өнөөгийн бид хайрлан хамгаалж, хүндлэн дээдэлж явах учиртай.
Улс оронд маань өнөөдөр тулгарч байгаа асуудлууд олон байгаа ч, хийж хэрэгжүүлэх ажил дэндүү их байгаа ч, Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд, маргаашийн өдөрт бид огтхон ч эргэлзэхгүй байна.
Өнөөдрийн түр зуурын хүндрэл бэрхшээлээ бид өөрсдөө бий болгосон. Бид өөрсдөө шийдэж, даван туулах ёстой. Бид нэгдмэл нэг байж, нэг зорилго үйлсийн төлөө зүтгэж чадвал богино хугацаанд хөгжлийнхөө замд баттай зогсч чадна.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний их баяр маань ч хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа хоёр оны холбоос дээр болдгоороо ч бэлгэ дэмбэрэлтэй, утга агуулгатай өргөн дэлгэр баяр билээ.
Ийм ч учраас ирж байгаа 2015 оныг шинэ амьдрал, шинэ зорилтуудаа хэрэгжүүлж чадсан өөдрөг он болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.
Та бүхэн сайхан баярлаарай.